Тэрбумтан Элон Маскын өндөр хурдны Старлинк интернэтийн сүлжээ Монголд орж ирнэ гэх мэдээлэл гараад удсан.
Тэгвэл Монголын интернэт хэрэглэгчдийн хувьд мөрөөдөл төдий байсан энэ үйлчилгээ хэдхэн жилийн дотор бодит биеллээ оллоо. Элон Маск өөрөө Монголд Старлинк сүлжээ нэвтэрснийг X хуудастаа жиргэж, “Starlink” -ын албан ёсны вебсайт өөрсдийн сүлжээнд холбосон улсуудын жагсаалтыг шинэчилж, Монгол Улсыг албан ёсоор нэмэв.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 65 хувьд хүн амьдрах боломжтой бөгөөд үүний 23.8 хувийг үүрэн холбооны сүлжээгээр хангасан. Харин үлдсэн 42 хувийг интернэтэд холбоход 15 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн судалгаа байдаг.
Хэдий шилэн кабелаар ийм хэмжээний өртөгөөр холбосон ч, суурингаас суурингийн хооронд интернэт тасрах байдал үргэлжилсээр байх байв.
Нэг жилийн өмнө буюу 2023 оны зургаадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Tesla, Space X компанийн гүйцэтгэх захирал Twitter компанийн технологи хариуцсан захирал Элон Масктай цахим уулзалт хийж байв. Тухайн үед Старлинк компанийг Монголд үйл ажиллагаагаа явуулах боломж бололцоогоор хангах талаар ярилцаж байсан бол өнөөдөр бодит ажил хэрэг болж манай улс Старлинкийн сүлжээ нэвтэрсэн Азийн дөрөв дэх улс болсноо зарлалаа.
ЦХХХ-ны сайд Н.Учрал “Өндөр хурдны тус сүлжээг Монголд нэвтрүүлэхэд саад болж байсан өмнөх удирдлагуудын баримтлах чиглэлийг цуцалсан. Харилцаа холбооны хуульд тодорхой өөрчлөлт оруулснаар Харилцаа холбооны зохицуулах хороо хоёр зөвшөөрлийг Старлинк Сервис Монголиа компанид олгосон. Манай эрх зүйн орчин, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, татвараа төлж ажиллах нөхцөл боломж бүрдлээ” хэмээж, өнөөдрөөс Старлинк өндөр хурдны интернэт сүлжээ Монголд албан ёсоор нэвтэрснийг бахдалтайгаар мэдэгдэв.
"Старлинк" компани нь одоогийн байдлаар 12000 орчим нам орбитын хиймэл дагуул хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын өндөр хурдны интернетийн сүлжээг бий болгож, АНУ, Англи, Франц, Шинэ Зеланд, Япон, Филиппин зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа.
Харин Монголд нэвтэрснээр уулын мухар дахь малчин Доржтой, Улаанбаатарт суугаа оюутан охин нь өндөр хурдны интернэт сүлжээгээр холбогдох боломж бүрдэж байна.
Үүнээс гадна одоогийнх шиг гамшиг, онцгой байдлын үед Монгол орны хаанаас ч шууд холбогдох боломж бий болсон нь яах аргагүй бидний хувьд сайн мэдээ байлаа.