ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Глауком буюу нүдний даралт ихсэх өвчин монголчуудад түгээмэл тохиолддог

O.Admin
2024-03-12

ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс Дэлхийн Глауком өвчнөөс сэргийлэх 7 хоногийн хүрээнд хараа алдалтын эмгэг, өвчний талаар мэдээлэл хийлээ.

Дэлхийн Глаукомын холбооноос жил бүр зохион байгуулдаг Дэлхийн глаукомын өдөр өнөөдөр тохиож байна. 2020 оноос хойш долоо хоногийг энэ өдөрт зориулдаг болсон аж. Энэ жил гуравдугаар сарын 10-16-нд дэлхийн Глаукомын өдөр тохиож байна.

Глауком бол харааны мэдрэл дээр үүсдэг өвөрмөц эмгэг юм. Нүдний даралт ихсэж болно. Ихсэхгүйгээр харааны мэдрэлд өөрчлөлт гарснаар хүнийг эргэшгүй сохор болгодог өвчин юм. Дэлхий дээр 80 сая хүн энэ өвчний улмаас хараагүй болсон гэх тооцоолол бий. Монголд хийсэн судалгаагаар энэ өвчний тархалт 1.4 орчим хувьтай байна гэсэн судалгааны дүн гарсан. Эргэшгүй хараа алдалтад хүргэдэг учир ард түмнийхээ анхаарлыг хандуулах, 40-өөс дээш насны хүн жилд нэг удаа нүдний эмчид үзүүлэхийг зөвлөж байна. 

Глауком өвчин бол хүүхэд, өсвөр үеийнхэн аль ч насныханд тохиолддог учир шинэ төрсөн нярай, өсвөр насны хүүхэд гэмтэл бэртэл авсан бол нүдний эмчид үзүүлэх, 40-өөс дээш болон ахмад настнууд жилд 1-2 удаа нүдний дотоод даралтаа хянуулж байх хэрэгтэй. Эргэшгүй хараа алдалт буюу сохролд хүргэдэг глауком буюу нүдний даралт ихсэх өвчин монголчуудад түгээмэл тохиолддог. Урьдчилан сэргийлэх үзлэг бол сул хараа, сохролоос сэргийлэхэд маш чухал. Тиймээс иргэддээ жилдээ нэг удаа нүдээ үзүүлж байхыг уриалж байна. Дэлхий нийтэд 2.2 тэрбум хүн ямар нэг хэмжээгээр хараа алдалттай байна гэсэн судалгааны дүн бий. Үүнээс нэг тэрбум нь харааны шил зүүх зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой, сохролоос сэргийлэх боломжтой гэж үздэг.

Глауком өвчин нь төвийн хараа буюу хүний чиглэж харж байгаа зүйлийн хараа алдагдах, захын хараа алдагдах гэх мэт нүдний дотоод даралт ихсэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Эрт илрүүлбэл эмийн, мэс заслын, лазер эмчилгээ хийх боломжтой. Орчин үед багаж тоног төхөөрөмж, оношилгооны арга сайжирсантай холбоотой харааны мэдрэлийн эсүүдийн алдагдлыг тоолж гаргах, ингэснээр тухайн хүнийг сайн хянаж чадвал сохрохоос урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн. Глауком өвчин бол ямар ч шинж тэмдэг, зовуурь илрэхгүйгээр хараа алдуулдаг. Тиймээс дэлхийн глаукомын өдрийг тохиолдуулан энэ долоо хоногт 21 аймаг, зургаан дүүргийн улсын болон хувийн том эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалж байна. 

АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Д.Уранчимэг "Монгол Улсад 2013 онд хийгдсэн судалгаагаар 50-иас дээш насны хүн амын дунд сохролд хүргэсэн өвчний нэгдүгээрт болор цайх, хоёрдугаарт глауком өвчин орсон. Эргэшгүйгээр хараагүй болгодог глауком нь хүүхэд, том хүн гэхгүй аль ч насныханд тохиолддог өвчин. Тиймээс шинэ төрсөн нярай хүүхдээс эхлээд өсвөр үеийнхэн, 40-өөс насныхан жилд 1-2 удаа нүдний урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж, нүдний даралтаа үзүүлэх шаардлагатай байна. Глауком өвчнийг эм, мэс засал, лазер эмчилгээгээр эмчилдэг. Орчин үеийн шинэлэг технологиор харааны мэдрэлийн эсүүдийн алдагдлыг тоолж, тухайн хүнээ сайн хянаж чадвал сохрохоос урьдчилан сэргийлэх боломжтой" гэлээ.