Захирлын барилдлагатай цагийг эзэлсэн ах дүү атаман Ж.Солонго, Ж.Соронзон нарыг монголчууд андахгүй.
Олноо "Орос 3 –ын захирал" нэрээр танигдсан Ж.Соронзон нь саяхныг хүртэл дархлагдсан нэгэн байв. Төрсөн өдрөөрөө багш нараасаа мөнгө татаж, хуучин хувцсаа зардаг, сургуулийн хөрөнгөөр машин авч, хувийн хэрэглээндээ ашигладаг, төрсөн дүүгийнхээ компанийн данс руу тэрбумаар нь шилжүүлдэг, сурагчдынхаа эцэг эхийг зүй бусаар доромжлон тохуурхдаг гэх мэт хэтийдсэн үйлдлүүд нь хэдхэн жилийн өмнө ил болсон.
Бүр тэтгэвэрт гарах дөхсөн үйлчлэгчээ өрөөндөө оруулж, балмадаар зодсон гэх асуудал ч сөхөгдөж байв. Өөрийнх нь хуудуутай явдлын талаар мэдээлсэн сэтгүүлчийг хүртэл угсаа гарвалаар нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр доромжлон дээрэлхэж явсан удаатай. Эцэстээ албан тушаалаасаа буусан ч, ахин захирлаар томилогдохоор шүүхдэлцсээр яваа.
Харин ах атаман Ж:Солонго нь Кино урлагийн дээд сургуулийн захирал. 1997 оноос тус сургуулийг удирдах болсон тэрбээр өөрийнхөө ач, зээ нартай адил шахам насны оюутнуудтайгаа зүй бус харилцан, заамдалцан зодолдог “жаатай атаман”. Угтаа оюутан нь түүнээс “талх” авахаар мөнгөө төлсөн үйлчлүүлэгч нь хэдий ч, мань атаманд энэ нь хамаагүй. “Би ширүүн харьцдаг ч, зоддоггүй юм даа” хэмээн мэлзэж явсан түүний оюутнаа зодож буй бичлэг нь цацагдаж явсан.
Дурдвал, 2022 оны арваннэгдүгээр сард завсарлагаагаар хоол идээд буцаж ирсэн оюутнуудыг оруулахгүй хэмээн хаалга түгжиж, улмаар харуулыг гуйгаад орж ирсэн хүүхдийг зодож байв. Дараа нь КУДС-ийн хоёрдугаар курсын оюутан 19 настай Б-г 2023 оны хавар сургуулийн үүдээр орох гэтэл тодорхой шалтгаангүйгээр зодож биед нь гэмтэл учруулсан байдаг. Гэсэн ч, сургуулийн захирлаар ажилласаар л явна. Захирлын барилдлагатай ах дүү атмануудад Монголын боловсролын салбар ямар өртэй вэ.