ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Пүрэвдэлгэр: Өмгөөлөгч Г.Батбаяр агсаны гэрээслэл хэргийн газраас олдоогүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-04-30

Өмгөөлөгч Г.Батбаяр агсан нас барсан байдалтай олдсонтой холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр зарим анхаарал татсан асуудлаар хариулт өглөө.

-Ар гэрээр нь цогцсыг таниулалгүйгээр задлан шинжилгээ хийсэн гэсэн. Яагаад?

-Хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлдэг арга хэлбэр байдаг. Тэр дагуу явуулсан. Ямар нэг хууль зөрчсөн ажиллагаа явагдаагүй. Олон нийтийн сүлжээнд гаргаж буй ар гэр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн мэдээлэлтэй танилцсан. Иргэдийн дунд ташаа ойлголт төрүүлэхүйц буруу мэдээлэл явж байна. Тиймээс үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс хэвлэлд мэдээлэл өгч байна. Ямар нэг байдлаар хууль зөрчсөн, нууж хаасан асуудал байхгүй.   

-Хохирогчийн гэрээслэл хоёр хоногийн дараа олдсон гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-Хэргийн газрын үзлэгт цагдаагийн байгууллагын мэргэшсэн алба хаагчид прокурорын хяналтан дор оролцсон. Энэ үйл ажиллагаагаа дуу, дүрсээр баталгаажуулсан. Ингэхэд хэргийн газраас ямар нэг гэрээслэл олдоогүй. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа, үр дүн гараагүй байхад шалгалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, иргэд олон нийтэд худал мэдээлэл тараах нь зохисгүй бөгөөд хууль бус үйл явдал юм. Тиймээс худал мэдээлэл түгээхгүй байхыг анхааруулъя. Гэрээслэл хэргийн газраас олдоогүй.

-Хэрэгт холбогдуулан Б.Хурц нарын улс төрийн намын зарим гишүүдээс мэдүүлэг авсан гэсэн. Хэн хэнээс мэдүүлэг авсан бэ?

-Амь хохирогчийн маршрутыг тогтоох ажлын хүрээнд нэр бүхий иргэдийг гэрчээр дуудаж, байцаалт авсан. Гэхдээ нэрийг нь хэлэх боломжгүй.

-Талийгаач олдохоосоо гурав хоногийн өмнө нас барсан гэх мэдээлэл бий. Түүнчлэн, шүүх шинжилгээний байгууллагад очихдоо цогцос нь солигдсон байж болзошгүй гэх мэдээлэл ирээд байна. Энэ тал дээр?

-Цогцос солигдох ямар ч боломжгүй. Илтэд худал мэдээлэл. Хэргийн газрын үзлэгт цагдаа, шүүх шинжилгээний мэргэшсэн алба хаагчид оролцож, прокурор хяналт тавьж оролцсон. Шинжилгээний обьект буюу амь хохирогчийн цогцсыг хамгаалалт дор процесс журмын дагуу хүргэдэг. Энэ журмын дагуу явагдсан. Олдохоосоо гурав хоногийн өмнө нас барсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно.