ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭТТ ХК-ийн нэрийг барьж их хэмжээний мөнгө залилсан есөн хэрэг гарчээ

O.Admin
2024-05-09

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг ашиглан бусдаас их хэмжээний мөнгө залилах гэмт хэрэг гарах болжээ. 

Тодруулбал, энэ оны эхний таван сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө хэмээн бусдыг залилсан есөн гомдол цагдаагийн байгууллагад иржээ.

МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Дөлгөөн “Эрдэнэс Тавантолгой ХК-тай гэрээ байгуулж өгнө хэмээн залилан мэхлэсэн гэх нийт есөн гомдол ирсэн. Үүний тавд нь хэрэг бүртгэл нээж, 8-10 хүнийг холбогдуулан шалгаж байна” гэв.

Уг этгээдүүд байгууллагын худалдан авах гэрээ бусад баримт бичгийг хүлээн авч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн албан маягт тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, ижил төстэй цахим шуудангаар харилцан их хэмжээний мөнгө залилсан нөхцөл байдал тогтоогджээ.

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар экспортод гаргаж байгаа бүх нүүрсийг хөрөнгийн биржээр нээлттэй ил тод зарах бөгөөд хэн өндөр үнэ хэлсэн нь биржээр дамжуулан худалдан авах боломжтой болсон. Зөвхөн албажуулах гэрээг л "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хийгдэнэ гэдгийг албаныхан тодотгож байна. Иймд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг анхааруулж байна.