Ногоон автобусны худалдан авах ажиллагаатай холбоотой түр хорооны сонсгол үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Танилцуулгын 15 дахь хуудаст худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлийг үндэслэжээ. Энэ нь ямар учиртай вэ. Автобус авах нь нууцын зэрэглэл, үндэсний аюулгүй байдалтай ямар хамааралтай гэж үзсэн бэ?
Хоёрт, тав хоногийн хугацааатай хоёр бичгийг хоорондоо солилцжээ. Эхлээд евро 4 автобусыг 600-гаас доошгүй авна гэсэн бол дараа нь евро 5 хөдөлгүүртэй автобусыг 470-ыг авна гээд. Энэ тоо чинь өөрөө та бүхний судалсан үнээр, батлагдсан төсвийн хүрээнд тооцсон тооцоолол мөн юм уу?
Хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ:
-Шинжээчийн дүгнэлтэд танилцуулсан төрийн нууцад хамааруулсан гэдэг дүгнэлт буруу. Төрийн нууцад хамааруулаагүй. Нийтийн тээврийн худалдан авалтыг нууцад оруулах ямар ч боломжгүй, ил тод нээлттэй байх ёстой. Эхнээсээ ийм буруу мэдээлэл олон нийтэд цацаж, улс төрийн тоглолт явуулсны дараа хуулийн байгууллага оролцдог буруу жишиг тогтлоо. Хууль зүйн дүгнэлтийг танилцуулъя. УИХ-аас 2005 онд баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйл өөрөө хоёр нөхцөлтэй. Нэгд, хуулиар төрийн нууцад хамааруулсан. Хоёрт, үндэсний аюулгүй байдалтай холбоотой тодорхой бараа ажил үйлчилгээ, техник хэрэгсэл худалдан авахтай холбоотой харилцаа. Энэ худалдан авалттай холбоотой ажлыг анх зохион байгуулахад нийслэлд түгжрэл, үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудал үүссэн байсан.
Нийт 2022-2024 оны байдлаар 856 автобус үйлчилгээнээс гарах нөхцөл байдал үүсч, 2022 онд 586 автобус насжилт нь дуусч, 1.6 сая зорчигчдын аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх нь зөрчигдөж байсан.
Үүнтэй холбоотойгоор Стандарт хэмжилзүйн газрын даргын тушаал гарч, хориглоно гэдэг стандартын хэрэгжилтийг зогсоосон. Өөрөөр хэлбэл 12 жилээс дээш хугацаанд үйлчилгээнд явсан автобусыг явуулахыг хориглосон байсан. Энэ үйлчилгээг зогсоож, парк шинэчлэл эхэлсэн. Түгжрэл, зорчигчдын аюулгүй асуудлаар хотын даргаас 2022 оны наймдугаар сарын 15-нд чиглэл хүсэх тухай бичиг явуулж, бүх үндэслэлийг дурдаж, 10-аад автобус шатсан. Азаар хүн өртөөгүй. Тиймээс 3.4 зүйлд заасан үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын техник тоног төхөөрөмж, байгууламж, ажил үйлчилгээнд хамаарах эсэх талаар хамтран ажиллана уу гэдэг хүсэлт өгсөн. Хариуд нь Тагнуулын ерөнхий газраас 2022 оны наймдугаар сарын 18-нд 1080 гэдэг бичиг ирсэн.
ТЕГ: ҮАБ-тай холбоотой асуудал мөн, Сангийн яамнаас чиглэл аваарай гэсэн хариу хүргүүлж байсан
-Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 11-5.д Монгол Улсын Засгийн газраас төрийн нууцад хамруулах мэдээллийн жагсаалтыг батладаг. Төрийн нууцийн жагсаалтад нийтийн тээврийн худалдан авалттай холбоотой асуудал байхгүй. 2022 онд НЗД-аас нийтийн тээвэртэй холбоотойгоор тав болон наймдугаар сард нийтийн тээврийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар хоёр удаа хандаж байсан.
Гэхдээ Төрийн нууцад хамааруулах асуудлаар биш. Монгол улсын ҮАБ-ын үзэл баримтлалын 3.3-4.1, 3-4.3 заалтыг буюу иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах заалтыг үндэслэн ҮАБ-ын хангахтай холбоотой ажил үйлчилгээнд хамаарах уу гэсэн чиглэл авах албан бичиг ирсэн. ТЕГ-аас ҮАБ-тай холбоотой асуудал мөн. Гэхдээ Төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамнаас чиглэл аваарай гэсэн хариу хүргүүлж байсан. Төрийн нууцтай холбоотой асуудлаар Засаг даргаас бичиг ирж байгаагүй.