Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар зуны тэргүүн сарын шинийн 15-нд Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож бүх нийтээр амардаг.
Дүйчин гэдэг нь бурхны бодь хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн өдөр болохыг толь бичигт тайлбарлажээ. Тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг байна.
Манай улс Бурхан багшийн их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг 2019 онд нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилжээ. Ингэснээр ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байх болно гэж үзсэн байна.