ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголбанкны хяналтын зөвлөл хуралджээ

O.Admin
2024-05-30

Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2024 оны 5 сарын 28-ны өдөр боллоо. Хурлаар Монголбанкны 2010-2023 оны ашиг, алдагдлын тухай Монголбанкны Дотоод аудитын газрын мэдээлэл, Эрсдэлийн удирдлагын албаны судалгаа, Монголбанкны 2023 оны санхүүгийн тайлангийн талаарх Монголбанкны Хяналтын зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцлээ. Мөн МБХЗ-ийн эрх зүйн шинэчлэлийн тухай, Дотоод аудитын газрын ажилтнуудтай хийсэн уулзалтын мөрөөр хийгдсэн судалгаа, танилцуулгыг авч хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.

Монголбанкны 2010-2023 оны санхүүгийн үр дүнгийн мэдээлэл судалгаанаас үзэхэд зарим онд санхүүгийн үр дүн сөрөг байгаа бөгөөд үүнийг Монголбанкны холбогдох ажилтнууд дэлхийн санхүүгийн зах зээлд хүүний түвшин нэн доогуур байсан, сүүлийн үед инфляцыг тогтоон барихад мөнгөний хатуу бодлого явуулахад хүрсэн, ханшийн савлагаа, цар тахал, санхүүгийн хүндрэлтэй холбогдуулан төсвийн шинжтэй зарим гүйлгээ, үйл ажиллагаанд Монголбанк оролцох болсон зэрэгтэй холбон тайлбарласныг анхааралдаа авлаа. Мөн тэд хуримтлагдсан алдагдлыг бууруулах ажлын хэсэг байгуулж, ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаж байгааг танилцууллаа.

МБХЗ-өөс Монголбанкны ашиг алдагдлын үүслийн шалтгаан, тэдгээрийн хүчин зүйлсийг нарийвчлан судалж, өмнөх онуудын алдагдлыг нөхөн олох, нөхүүлэх, эрсдэлийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаарх Хяналтын зөвлөлийн өмнөх шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллах, “Монголбанк байнга алдагдалтай байж болох” тухай ойлголтоос салах, ямар ч нөхцөлд “Төв банк байнга алдагдалтай байж болохгүй” гэдэг ой санамжийг Монголбанканд бий болгох, хэрэв УИХ, Засгийн газрын бодлого, шийдвэрээс үүсэлтэйгээр Монголбанканд алдагдал гарахаар бол түүний эх үүсвэрийг зэрэг шийдвэрлүүлдэг болох, татвар төлөгчид, нийтийн санхүү, төсөвт ачаалал өгөх шинжтэй шийдвэрийг гаргуулахгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэхийг Монголбанкны гүйцэтгэх удирдлагад санал зөвлөмж болгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн Монголбанкны тайлан, тэнцэлд бүртгэлтэй чанаргүй зарим актив (зээл, авлага г.м.)-ыг яаралтай барагдуулах, эрсдэлийн сангийн болон Монголбанкны тогтмол зардлыг бууруулах, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасны дагуу Монголбанкны пассив активаасаа хэтэрсэн зөрүүг Засгийн газарт танилцуулж, нөхүүлэх ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Монголбанкны 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайлантай танилцсаны дараа Хяналтын зөвлөл  өөрсдийн санал, дүгнэлтийн төслийг мөн хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан Хяналтын зөвлөлийн гишүүд саналаа хэлж нэгтгэн, Төрийн холбогдох байгууллагад хүргүүлэх нь зүйтэй гэж санал нэгдэв.

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд Монголбанканд тавих хөндлөнгийн хяналтыг бий болгох, энэ зорилгоор Хяналтын зөвлөл, түүний ажлын албыг бэхжүүлэх, үүрэг хариуцлагыг нь өргөжүүлэх, аудитын болон эрсдэлийн мэргэжлийн хороод байгуулах талаарх байр суурийг Монголбанкны холбогдох газрын удирдлагуудад танилцуулж саналыг нь авсны дараа Монголбанкны удирдлагад танилцуулахаар тогтов. 

Эцэст нь, Хяналтын зөвлөлийн зарим гишүүдтэй Монголбанкны Дотоод аудитын газрын хянан шалгагчдын хийсэн хамтарсан уулзалтын мөрөөр хийгдсэн мэдээлэл, судалгаатай танилцаж, дахин нарийвчлан авч үзэхээр болов.

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ