Паркийн тоглоом дээр үйлчлүүлж байхдаа нас барсан хэрэгтэй холбоотой буруу ташаа мэдээлэл их явж байгаа учир цагдаагийн байгууллагаас өнөөдөр энэ талаар мэдээлэл хийлээ.
Өчигдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр 15:50 цагийн орчимд цагдаагийн байгууллагад паркийн галзуу хулгана дээр тоглож байсан залуу ухаангүй байдалтай бууж ирээд нас барлаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэн ажиллажээ.
Шалгалтын явцад тухайн иргэн галзуу хулгана дээр тоглож байгаад бууж ирэхдээ ухаангүй байсан учраас эмнэлгийн байгууллага дуудаад үзүүлэхэд нас барсан нь тогтоогдсон байна. Одоогоор нас барсан шалтгаан бусад нөхцөлийг шалгуулахаар ажиллаж байгаа буюу задлан шинжилгээ хийгдэж байгаа аж.
Галзуу хулганаас хөл алдсан, халтирсан гэх ташаа мэдээллүүд явж байна. Иймд аливаа асуудлын талаар цензуртэй, бодит эх сурвалжтай мэдээллийг хүргэхийг цагдаагийн байгууллагаас хүслээ.