Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Чойжин ламын сүм музей хамтран “Тэгш хүртээмжтэй музей-2024” өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа.
Арга хэмжээг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга М.Маргад-эрдэнэ, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар нээж үг хэллээ. Өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, ЕБС, СӨБ-ын байгууллагаас 200 гаруй хүүхдүүд болон иргэд оролцлоо. Энэ үеэр хүүхдүүд үндэсний түүхэн өв соёлтой танилцаж, музейн боловсролын хөтөлбөрөөр аялж, төрөл бүрийн спортын төрлүүдээс сонирхон суралцаж, урлагийн тоглолтыг шимтэн үзэж нэгэн өдрийн баяр хөөртэй өнгөрөөлөө.
Мөн “Гэрэл” нүдний эмнэлэг үзлэг, зөвлөгөө, Мишээл хүүхдийн сангаас амны хөндий, шүдний үзлэг зөвлөгөө өглөө. Түүнчлэн иргэдэд зориулан төрийн байгууллагуудын зөвлөгөө мэдээлэл, Протез, ортопед тусгай хэрэгслийн бүтээгдэхүүн, ХБИ-ийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний танилцуулга гэх мэт олон талт арга хэмжээ болж өндөрлөлөө. Арга хэмжээнд ивээн тэтгэж, хамтран оролцсон хувь хүн, аж ахуй нэгж байгууллага, ТББ, сайн дурын ажилтнуудад талархал илэрхийлье.