Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Жаргалант, Чигэстэй багт өчигдөр 17.30-18.30 цагийн хооронд түр зуурын аадар бороо орсны улмаас олон тооны айл өрх үерт автжээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 17.36 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой комисс, сумын Мэргэжлийн ангийнхан, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газрын нийт 150 алба хаагч, 27 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
Одоогийн байдлаар Жинст багийн 15 айлыг өндөрлөг газар буюу Цагаан хаалганы бетонон хашаанд нүүлгэн шилжүүлжээ. Нийт 25 хүний амь насыг авран хамгаалсан байна. Сэтэрсэн замыг засварлах, ус зайлуулах байгууламжийн хог, лаг шаврыг цэвэрлэж тунасан усыг зайлуулах, шороон далан босгох зэрэг арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлсэн. Урьдчилсан байдлаар Жинст багт 51 өрх, 203 хүн, Жаргалант багт 12 өрхийн 41 хүн, Өлзийт багт 53 өрхийн 109 хүн, нийт 136 өрхийн 416 хүн үерт өртсөн байна. Жаргалант баг 0.04км2, Жинст баг 0.15 км2, Өлзийт баг 0.21км2, нийт 0.4км2 буюу 40 га талбай үерт өртсөн байна.