Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхаан багийн “Битүүгийн тохой” гэдэг газар “Ерөө” голын усанд бага насны хоёр хүүхэд живж байхад нь аварсан иргэн Б өөрөө осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны 11.24 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Б /19 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг өчигдөр 05.30 цагаас эхлүүлсэн байна.
Улмаар анх осолдсон газраас зүүн хойд зүгт 14 км-т “Хуучин модон гүүр” гэдэг газар хүртэл дөрвөн удаа, нийт 56 км завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, 3 метрийн гүнд шумбалт хийж цогцсыг 15.10 цагт олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.