ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дүүжин тээврийн төслийг эрчимжүүлэх шаардлагатайг илэрхийлэв

O.Admin
2024-06-26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн, "ПОМА" группийн Гадаад худалдаа, санхүү хариуцсан захирал Седрик Гендрон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд "Улаанбаатар кабель кар" төслийн талаар санал солилцов.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор уг төслийг Бүгд Найрамдах Франц улсын "ПОМА" групп хэрэгжүүлж буй бөгөөд бүтээн байгуулалтыг нь дөрөвдүгээр сарын 4-нд эхлүүлсэн юм.

 

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах уг төслийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг илэрхийлэв.

Ташрамд дурдахад "Улаанбаатар кабель кар"-ын төслийн хүрээнд Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбох буюу Яармагийн Арцатаас Нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулна. "Улаанбаатар кабель кар" ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэх юм.

Мөн Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах "Улаанбаатар кабель кар"-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр 10 хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2,300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ.