Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн. Тодруулбал, тэрбээр “Сүүлийн өдрүүдэд ОХУ-аас Увсын боомтоор Тувагийн эрүүгийн хэрэгтнүүд орж ирсэн” хэмээн мэдээлсэн юм.
Тэгвэл уг мэдэгдэлтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас тайлбар мэдээлэл хийлээ. ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн “Шалган нэвтрүүлэх албыг хөрш зэргэлдээ орнуудтай нягт харилцаатай ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн, олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн мэдээллийг цаг тухайд нь солилцож хөрш зэргэлдээ улс руу аль болох нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч ажилладаг. Монгол Улсад ТЕГ, ЦЕГ, ГЕГ, ГИХГ-уудтай хамтран ажиллаж, орон нутгийн эдгээр байгууллагуудтай хамтран шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулж байна.
Хилийн аюулгүй байдлын асуудал маш эмзэг. Аливаа нэгэн буруу ташаа мэдээлэл улс орон хийгээд олон улсад хор уршигтай. Хилийн зохион байгуулалт хэвийн зохион байгуулалттай явагдаж байна. Ямар нэг сэжигтэй мэдээлэл ирсэн бол хууль хяналтын байгууллагад Монгол Улсын иргэн мэдээлэх үүрэгтэй. Гэвч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон нийтийн айдаст автуулах мэдээллийг цацсанд хилчдийнхээ өмнөөс харамсаж байна. Энэ байдлыг нэн даруй шалгаж, тодруулах хүсэлтийг ТЕГ, ЦЕГ-т хандсан” гэв.
Түүнчлэн, Н.Номтойбаярын мэдээлэл хийсэн шиг ямар нэгэн байдлаар Монголын улсын хилээр үл нэвтрүүлэх гадаадын гэмт хэрэгтэн хилийн аль нэг боомтоор хил нэвтрээгүй гэдгийг онцоллоо. Хэрэв нэвтэрсэн тохиолдолд газар дээр нь шуурхай шийдвэрлэдэг гэлээ.