АТГ-аас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр БСШУСЯ-ны албан тушаалтнуудын цохолтоор нийслэлийн ЕБС-ийн I сургуульд харьяаллын бус 41 хүүхэд орсон тухай мэдээлсэн юм. Энэ талаар тус сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэтэй холбогдож, “Таван үг” солилоо.
-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу. АТГ-аас танай сургуульд БСШУСЯ-ны албан тушаалтнуудын цохолтоор 41 хүүхэд орсон гэж мэдээлсэн. Энэ үнэн үү?
-Манайхыг сайн гэсэн үүднээс хүүхдээ оруулах сонирхолтой эцэг, эхчүүд олон байдаг. Энэ жил бид Сүхбаатар дүүргийн элсэлтийн комисстой хамтарч ажилласан. Хамран сурах сурагчдыг бүртгэж дууссаны дараа суудлын тоо үлдвэл сургуулийнхаа дотоод журмын дагуу хүсэлт өргөдлийг нь хүлээж авдаг. Энэ зарчмаар үлдсэн суудлын тоонд өргөдлийн дагуу хүүхэд авахаар элсэлтийн комисс хуралдсан юм. Бүх өргөдлийг хүлээж аваад элсэлтийн комиссод танилцуулсан. БСШУСЯ, УИХ, манай багш ажилчдын гэх мэт бүх төлөөлөлтэй бүлгүүдийн хүсэлтийг аль болох тэгш хуваарилахыг хичээсэн. Тиймээс бүх л оролцооны бүлгүүдээс орсон гэсэн үг. БСШУСЯ-ны 41 хүүхэд орсон гээд байгаа нь буруу ойлголт. Тус яамнаас 41 хүсэлт, өргөдөл ирсний 16-г нь шийдэж өгсөн. Түүнээс биш яамнаас дарамт, шахалт үзүүлээд заавал ав гэсэн зүйл байхгүй. Хүмүүсийн яриад байгаа шиг ямар нэгэн дарамт, шахалт байхгүй гэдгийг захирлын хувьд албан ёсоор мэдэгдэж байна.
-АТГ-аас танайхыг шалгаж байгаа юм уу?
-Шалгасан зүйл байхгүй. Гэхдээ жил бүр элсэлт авсны дараа ийм асуудал ярьж, шалгадаг. Өнгөрсөн жил бараг бүтэн жил шалгасан шүү дээ. Бид энэ жил Сүхбаатар дүүргийн элсэлтийн комиссод шалгалтаа элсэлтийн үеэр явуулаач гэсэн хүсэлт гаргасан. Дүүргийн элсэлтийн комисс ялангуяа зохиомол харьяаллын асуудалд маш хариуцлагатай сайн ажилладаг. Асуудалтай хүмүүсийг хойшлуулдаг, бүртгэлийг нь хийдэггүй. Тухайлбал, асуудалтай 50 гаруй айл байсныг нэг бүрчлэн гэрээр нь явж шалгасан.
-Иргэд хахууль өгч хүүхдээ оруулдаг гэсэн ойлголт нийгэмд бий болоод удаж байгаа. Энэ үүднээс танай сургуулийг хамгийн өндөр ханштай гэх мэтээр мэдээлэл гараад байдаг шүү дээ?
-Миний хувьд боловсролд итгэх иргэдийн итгэл буурчихсан юм уу гэж хардаг. Хахууль, хандивын асуудлыг таслан зогсоохын тулд л бид ажиллаж байгаа. Хүүхдээ аль болох чанартай сургуульд оруулчих юмсан гэсэн хүсэл хүн бүхэнд байх нь ойлгомжтой. Улаанбаатар хотын төвлөрлөөс шалтгаалаад сургуулийн насны хүүхдийн тоо хэд хүрч байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бүгд л бидний хойч үе. Хэнийг нь ч гэж ялгах юм байхгүй. Манай сургууль үнэхээр чанартай сургалт явуулж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөд, эрэлт их байгаа бол нэг ч гэсэн хүүхдийг энэ сургуульд хамруулах нь Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй гэдэг үүднээс бид хандаж ирсэн. Түүнээс авлига, хээл, хахуулиар асуудлыг шийддэггүй. Энэ бол өрөөсгөл ойлголт.