ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг Баянзүрх дүүргийн харьяа зусланд эмчилж байна

O.Admin
2024-07-08

Баянзүрх дүүргийн хэмжээнд хоол, тэжээлийн дутагдалтай байгаа хүүхдүүдийг эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг, дүүргийн харьяа “Хөдөлмөр зусланд” явуулж байна. Хүүхдүүдээ анх ирэхэд өсөлт, хөгжлийн үнэлгээг хийж, үүний дараа нар, агаар, элсний чийрэгжүүлэлт, цэгэн бариа, хар цай, ясны шөл, шар сүүнд оруулах зэрэг уламжлалт эмчилгээ хийдэг. Мөн шаардлагатай витамин, амин дэм өгч байгаа юм. Одоогийн байдлаар хоёр дахь ээлжийн зорилтот бүлгийн 46 хүүхдээ хүлээн авч, эмчилгээнд хамруулж байна. Өнөөдөр энэхүү зусланд Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан ажиллаж, эцэг эхчүүдийн санал хүсэлтийг сонслоо.

Эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг, ажил ихтэй байдгаас шалтгаалж хүүхдэдээ тавих хараа хяналт суларсан зэрэг шалтгаанаас үүдэж хүүхэд хоол,тэжээлийн дутагдалд ордог байна. Энэ тохиолдолд нэн яаралтай зохих эмчилгээнд хамруулах шаардлагатай. Тиймээс өдөр тутмын үйл ажиллагаанд энэ чиглэлийн сургалтыг эцэг эхчүүдэд зориулан оруулж байна. Цаашид энэ үйл ажиллагааг жил бүр, өргөн хүрээтэй зохион байгуулна гэдгийг Засаг дарга Г.Жаргалсайхан хэлсэн. Мөн дүүргийн харьяа “Хөдөлмөр зусланг” Монгол ахуй, соёл, уламжлалтай хүүхдүүд танилцаж, зуны амралтаа өнгөрөөх хэлбэрээр үйл ажиллагааг явуулах юм.

2023 онд Эрүүл мэндийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийн судалгааг гаргасан. Баянзүрх дүүргийн хэмжээнд 103 хүүхэд хоол, тэжээлийн дутагдалтай байгаа бөгөөд уламжлалт эмчилгээнд хамруулах ажлыг 9 дүүргийн хэмжээнд анх удаа санаачлан зохион байгуулж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.