ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алтаргана наадмын бэлгэ тэмдгээр “бух ноён”-г сонгон баталжээ

O.Admin
2024-07-22

Буриадын Соёлын яамнаас энэ жил Булган аймагт болох буриад түмний “Алтаргана-2024” наадмын бэлгэ тэмдгээр Бух ноёныг сонгон баталсан байна. Энэ тэмдгийг наадмын бүх бичиг баримт, үйл ажиллагаанд ашиглах юм.


Булган аймгийн Тэшиг сумын хүн амын 25 хувь нь буриад угсаатнууд юм. Буриад зоны шүтээн болсон “Бух ноён” хэмээх үзэл санааны өвийг Тэшиг сумын уугуул Тааваа, түүний үр хүүхдүүд болох Цэрэнжав, Цэгмид тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс тээн иржээ. Тэд “Бух ноёны дуудлага” хэмээх аман уламжлалыг сэргээж, Тэшигийн давааны ард “Бух ноёны хөшөө”-г залсан байна. 

Бух шүтээний учир нь амьдралын эх үүсвэр болсон мал сүргээ хайрлан хамгаалах, хүн малын элдэв өвчнийг дарах, малынхаа ашиг шимийг бүрэн ашиглахын тулд бухыг эрхэмлэн дээдэлж, үе дамжсан насан туршийн шүтээн болгон залж, асга хадтай өндөрлөг газарт шилж сонгосон бухаа аваачиж сэтэр зүүж, цай, сүү, архи рашааны дээжийг бухынхаа хоншоор, дух, хондлой дээгүүр нь дусааж, агь арцаар ариулан утдаг аж.

Тухайн тахилгын газарт “сэргэ” буюу хусан шон босгосон байх агаад тэр “сэргэ” шонг бухаа хөтлөн тойрч уншлага ном үйлдэн үр хүүхэд, амьдрал ахуйгаа даатган, уул усандаа сүсэглэж “Бух ноён шүтээн”-ээсээ эрч хүчийг авдаг. “Сэргэ” гэдэг нь хус модоор хийсэн шон бөгөөд буриадууд хус модыг “ус голын эх мод” хэмээн эрхэмлэн дээдэлдэг.

Эрт цагт хус модны үйсэн дээр онгодын үгсийг бичдэг байжээ. Буриадуудын өвөг дээдэс “хавчираангийн хараат”, “бага хясаа”, “чулуутын тайга”, “доод нарийны тайлга” гэх мэтээр нэрлэдэг асга хадтай өндөрлөг газарт “Бух ноёны дуудлага” үйлддэг байжээ. Бух ноён баавай нь Түнхэн доно Саяны уулс, Сарьдаг мундарга болон хурхууд, шошоолог овогт зон олны амьдран суугаа нутаг орноор аялж тэднийг ивээлдээ авч гадуурхал, доромжлолоос хамгаалж ирсэн ажээ. Бух ноёны дуудлага нь :

Хун шувуун гарвалтай

Хус модон сэргэтэй

Буриад хүний заяа

Булагад хүний галибар

Бух ноён баавай

Будан хотон эжий минь

Эвий минь гэж эхэрье

Баавай минь гэж бахиръя

Буриад хүний хүүхдүүдийг

Бойног доороо таалсан билээ та

Бан бан бааж

Баглаа хүжийг ургуулж

Шээрэн шээрэн шээж

Шивээ хушийг ургуулан

Ац сайхан туурайгаараа

Алтан дэлхийг тамгалж

Урт сайхан эврээрээ

Агаар тэнгэрийг зүссэн

Зүүн мөрний эзэн билээ та

Зуун цагаан ноён билээ та

Түнхэний эзэн билээ та

Түрүүн цагаан ноён билээ та

Зүүн зэд

Жаран хаменейг

Эзэлж суусан

Бух ноён баавай

Будан хатан эжийдээ

Даатган залбирч байна аа

Олон улсын байгууллагууд “Соёлын өв нь аливаа үндэстэн, угсаатны оршин тогтнох гол үндэс” хэмээн тунхагласан байдаг. Соёлын өв нь цаг үеийн шалгуурыг давж бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, тухайн ард түмний оршин байх үндэс болж, түүх, соёлын шинжлэх ухааны ач холбогдлыг тээж байдаг үнэт зүйл юм. Бух ноён шүтээн нь ардын дуунаас үүсэж хөгжсөн түүх соёлын үнэт өв бөгөөд байгальтай зөв харьцаж, хүмүүсийг эелдэг даруу байж, бие биенээ хүндэтгэн ирэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан ажээ.