"Хааны эрэлд-2024" энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургуулийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт чадавхыг нэмэгдүүлэх сургалтыг АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалтай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус сургалтын зорилго нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал бус үүний ард байгаа нийгмийн эмзэг бүлэг болох хүүхэд, өндөр настнуудын аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой юм. Сургалтаар энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг бэлтгэх, тэр дундаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшиж, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдэд учирч буй бүхий л төрлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсооход хувь нэмэр болохуйц санал санаачилгыг хамтран боловсруулж байна.
Мөн НҮБ-ын Жендэрийн зөвлөхийг бэлтгэх зорилготойгоор онолын сургалтыг 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хичээл, дадлагын сургалтыг "Хааны эрэлд-2024" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хичээлийн цэгүүдэд зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Сургалтын нээлтийн ёслолын ажиллагаанд “Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургуулийн удирдагч хурандаа О.Батзаяа, ЗХЖШ-ын ЭДЦХАХ-ийн Цэргийн хамтын ажиллагааны тасгийн дарга хошууч Э.Бямбасүрэн нар оролцож үг хэлэв.