ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Нүүдэлчин” дэлхийн Соёлын фестивалийг Тайж хайрханы бэлд зохион байгуулна

O.Admin
2024-08-08

Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон соёлын биет болон биет бус өв нь хүн төрөлхтний түүхийн уртад Монголчуудын соёлын дахин давтагдашгүй байдал, байгаль, цаг уур, газарзүйн онцлогтой уялдан үеэс үед өвлөн уламжлагдаж хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсоор байна. Гэсэн хэдий ч соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний өмнө нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.

Манай улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр олон улсын арга хэмжээг зохион байгуулна”, “Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Фестиваль зохион байгуулах тухай” 41 дүгээр тогтоолоор “Нүүдэлчин” дэлхийн Соёлын фестивалийг жил бүр зохион байгуулж байхаар боллоо.

Ийнхүү “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 2024 оны 08 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ы бэлд зохион байгуулахаар болсон бөгөөд Соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, 10 гаруй гадаадын улс орнуудын 150 гаруй төлөөлөл оролцохоор болсон.

Фестивальд хүрэлцэн ирснээр отог, өртөө бүрээр зочлон өв соёлтойгоо танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдан, амтат хоолоор үйлчлүүлэх бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн.

Та бүхнийг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хүрэлцэн ирэхийг урьж байна.