ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр бидний өдөр

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-28

Намрын дунд сарын шинийн 17-ны Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр. Өнөөдөр ч гэсэн  бидний өдөр тохиож байна. Жил  бүрийн энэ өдөр би хачин их догдолж бас хэмжээлшгүй ихээр баярладаг. Одоогоос найман жилийн өмнө билэгт сайн өдөр хүний гэргий болж, өрх тусгаарлаж,  Монгол Улс О.Отгонбаярынх гэдэг айлаар бүл нэмж байжээ. Энэ өдрөөс эхлэн бидний амьдралын шинэ хуудас нээгдэж, эргэж буцах зүйлгүйгээр  найм дахь намартайгаа золгожээ.

Бидний найман намар, өвөл, хавар, зун  сэтгэл, итгэл дүүрэн, амар амгалан, айдас хүйдэсгүй, аз жаргал дунд өрнөжээ. Энэ хугацаанд хөөрхөн охины аав, ээж болж, ажил төрлөө зохицуулах, ахуй амьдралаа сайжруулах гээд үргэлжид хариуцлага өөд тэмүүлж байв. Үүний хажуугаар хүн бүрийн амьдралд тохиолддог үл ойлголцол, хагацал зовлон, бүтэлгүйтэл, гуниг гутрал  ч зэрэгцэж ирсэн байдаг. Биднийг сорьсон сайн, муу бүхэнтэй нүүр тулж, жил өнгөрөх тутамд улам туршлагажиж, улам ч хичээж явна.  

Энэ хэрээр намба, ухаан сууж одоогоос найман жилийн өмнө аливаа зүйлд ханддаг тэр хандлага  хүртэл өөрчлөгдөж, өдөр бүрийг үнэ цэнэтэй өнгөрүүлэхэд илүүтэй анхаардаг болсон байх юм. Нөгөөтэйгүүр, “Сайн ханьтай учирсан бол мөрөөдлийнхөө 90 хувийг биелүүлсэн гэсэн үг” хэмээн сайхан үг байдаг. Яг үнэндээ хүмүүсийн амьдрал энэ л үгний утгад багтаж байдаг гэж ойлгодог.  Миний амьдрал, миний сонгосон зам ч гэсэн энэ л үгний тойрогт багтаж явдаг юм. Тиймээс миний мөрөөдлийн 90 хувь нь биелсэн гэсэн үг. Харин үлдсэн 10 хувиа дүүргэх аз жаргалтай өдрүүд бидний өмнө олон бий. Энэ л өдрүүдийнхээ төлөө хамтдаа  улам хичээж, улам ихээр зүтгэе, хань минь.