"Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд зохион байгуулж буй оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом 42" наадам 2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны 16.00 цагт Улсын филармонийн концертын танхимд явагдаж өндөрлөв. Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах "Болор цом 42" наадамд 201 хүн бүртгүүлж, 198 хүн шүлгээ ирүүлснээс 42 найрагчид хоёрдугаар шатанд шалгарчээ. Тэгвэл тус наадмын цомыг Яруу найрагч А.Лхагва хүртжээ. "Болор цом-42” яруу найргийн наадмын тэргүүн шүлгийг уншигч танд хүргэе.
"Морин хуурын хэл”
Сэтгэлээс үүссэн салхинд
Хээрийн салхи хөлчүүрнэ
Тэнгэрээс үүдсэн аялгуунд
Уулсын сэтгэл халууцна
Морин хуурын эгшиглэн
Ийм эртний хэл
Монгол газар үүссэн
Эх сайхан хэл
Энэ хэлийг анирдсан хүн
Эрэмшин омогшино
Энэ хэлийг сонордсон хүн
Элэг нь дэвтэж уярана
Тэнгэрийг
Тэр өндрийг
Туг гэрэгээрээ өргөж
Туйлсан их суу залиар
Сүлд хийморьтой болгосныг
Тэнгэрийн үгээр хүүрнэнэ
Талыг Талбиун уудмыг
Тэнгис далайг цалгиаж
Тивийг сэрээсэн нүүдлээр
Тэнүүн уудам болгосныг
Тальн хэлээр шуранхайлна
Морин хуурын хэл
Монгол тэнгэрийн хэл
Монгол газрын хэл ээ.
Унаж сөхөрсөн үед
Уруудаж бүдэрсэн цагт
Морин хуурын үүрсээн
Монгол хүнийг сэрээсэн
Морьтой гэдгийг нь сануулсан
Халирч зэлэрсэн үед
Хавтайж бөхийсөн цагт
Морин хуурын төвөргөөн
Монгол хүнийг сэхээсэн
Мордоод давхихыг харуулсан
Сүлд хийморийг сэрээж
Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж
Элэр аялгуу нь наранд хүргэж
Эртний өвгөдтэй уулзуулж
Хөөрөг зөрүүлэн хуучлуулж
Хөх толбыг минь тодруулж өгдөг
Морин хуурын хэл
Монгол хүмүүний хэл ээ
Бадран омогшихын бал
Бахархан гэрэлтэхийн гал
Морьтон монголын хөл
Монголыг асаасан хэл
Энэ хэлээр биднийг
Эх дэлхий танина
Энэ хэлээрээ бид
Элэн галавтай ч ярилцана
Морин хуурын хэлээрээ
Монгол язгуурын хэлээрээ
Дээд сансарыг ч уяраана
Дэлхийг дахин дагуулна аа