Жил бүр төрийн албан хаагчид АТГ (Авлигатай Тэмцэх Газар)-т Хөрөнгө Орлогын Мэдүүлэг /ХОМ /-ээ мэдүүлдэг. Тэгвэл 2025 оноос эхэлж ХОМ-т өөрчлөлт орсон бөгөөд энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодрууллаа.
-Энэ жилээс төрийн албан хаагчдын ХОМ мэдүүлэгт шинэчлэлт хийгдсэн. Чухам ямар шинэчлэлт хийгдсэн талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Авлигын эсрэг хууль 2006 онд батлагдаад 2007 оноос анх удаа төрийн албан хаагчдаас ХОМ-ийг авч эхэлсэн байдаг. Тухайн үед хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчиж байна, хувь хүний нууцад халдаж байна гэх мэт нийгмийн шүүмжлэл дагуулж байсан ч одоо нийтийн албан тушаалтнууд ХОМ-ээ цаг тухай бүрт нь мэдүүлдэг болсон.
Анх 1200 орчим нийтийн албан тушаалтан ХОМ-ээ цаг тухайд нь мэдүүлээгүй, 750 орчим нь хугацаа хожимдуулж ХОМ-ээ өгч байсан. Тэгвэл одоогийн байдлаар жил бүр 50.000 гаруй нийтийн албан тушаалтан ХАСХОМ-ээ 99.5-100 хувийн үзүүлэлттэйгээр цаг тухайд нь мэдүүлдэг болсон нь нийтийн албан тушаалтнуудын хуулийн хариуцлага дээшилснийг харуулж байна.
Хамгийн сүүлд буюу 2024 онд УИХ-ын ХЗБХ-ны 5 дугаар тогтоолоор ХАСХОМ-ийн маягт өөрчлөгдсөн. Тодруулбал, мэдүүлэгч маань өөрийн давхар эрхэлдэг ажлын мэдээлэл, мөн гэр бүлийн гишүүдийн болон өөрийн эзэмшдэг тоног төхөөрөмж, виртуал хөрөнгө /крипто валют, койн, токен/ зэргийг нэмэлтээр мэдүүлдэг болсон. Тоног төхөөрөмж гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэн буюу түүнээс дээш үнэлгээ бүхий эд хөрөнгийг хэлж байгаа юм. Үүнээс гадна өөрийн болон гэр бүлийн гишүүдийн олсон орлогыг татвар, шимтгэл төлсний дараах дүнгээр мэдүүлэх, мөн ашиг шимийг хүртэхээс гадна тусгай үүлдрийн амьтдыг мэдүүлэх зэрэг шинэлэг зохицуулалттай болсон.
Ийнхүү 2025 оны буюу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ХАСХОМ-ийг шинэчилсэн маягтаар нөхөх бөгөөд мэдүүлгийг маягтуудыг АТГ-ын цахим хуудаст байршуулсан. Шинэчилсэн маягтыг нөхөх зааврыг АТГ-ын даргын тушаалаар баталсан.
Шинэчилсэн байдлаар ХАСХОМ гаргаж эхэлсэнтэй холбогдуулаад АТГ-ын хяналт шалгалтын хэлтсээс төвийн бүсийн, болон төвийн салбарын мянга гаруй ажилтнуудад яг одоо онлайн сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтыг явуулснаар ХАСХОМ мэдүүлэгчид шинэчлэгдсэн маягтыг хэрхэн бөглөх талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болохоос гадна тухайн байгууллагуудаас хэчнээн мэдүүлэг гаргагч мэдүүлэх гэх мэт нарийвчилсан тоон мэдээлэл гарах ач холбогдолтой юм.
-Өнгөрөгч онд хэчнээн нийтийн албан тушаалтан ХОМ-ээ цаг тухайд нь мэдүүлсэн бэ? Хэрэв тогтоосон хугацаанд ХОМ-ээ ирүүлээгүй бол тухайн хүнд ямар хариуцлага оногдуулдаг вэ?
- Дээр хэлсэнчлэн нийтийн албан тушаалтнууд анх ХАСХОМ-ийг бүртгэж авах үеийг бодоход ХОМ-ээ хариуцлагатайгаар цаг тухайд нь мэдүүлдэг болсон. Харин ХАСХОМ-ээ цаг тухайд нь өгсөн эсэх, ХОМ-ээ үнэн зөв мэдүүлсэн эсэх болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг АТГ-ын хяналт шалгалтын хэлтэс анхлан шалгадаг.
Улмаар шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зөрчил илэрвэл бид дотооддоо харьяалагдах тусгай чиг үүрэг бүхий нэгжүүд рүү шилжүүлж ажилладаг.
Гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл мөрдөн шалгах хэлтэст гомдол, мэдээллээр бүртгэгдэн цаашлаад ЭХХШТХ-иар зохицуулагдаад шалгагдана.
Мөн 2024 онд 281 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгаж ажилласнаас 38 албан тушаалтны ХОМ-ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдэл мэдээллийг илрүүлсэн байгаа.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг юм. Тиймээс энэ асуудлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгаж байна. Мөн дээрх 38 албан тушаалтнаас 8 хүнийг яллагдагчаар татан шалгаж, 22 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
-Хэрэв нийтийн албан тушаалд шинээр томилогдсон болон ажлын байр солигдсон нийтийн албан тушаалтан ХОМ-ээ дахин мэдүүлэх хэрэгтэй юу?
-Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэд тухайн албан тушаалыг хашихад харшлах хувийн ашиг сонирхол байгаа эсэхийг АТГ-аар хянуулах хуультай. Үүнийг Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг буюу ХАСУМ гэж нэрийддэг. ХАСУМ-ийг АТГ ажлын 10 өдрийн дотор хянаж, тухайн нийтийн албан тушаалтныг томилох эрх бүхий албан тушаалтанд хариуг хүргүүлдэг. Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуульд зааснаар ажилд шинээр томилогдох, мөн ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөх тохиолдол бүрт ХАСУМ хянуулах ёстой. ХАСУМ-ээ хянуулж томилогдсоны дараа тухайн албан тушаалтан 30 хоногийн дотор ХАСХОМ-ээ бүртгүүлэхээр хуульд заасан.
Бэлтгэсэн: Ц.Кастро