“Нягт хөөс” ХХК-ийн барилгын дулаалгын хөөсөөр тендерийн ажил гүйцэтгэсэн “Хорго” группын бригадын дарга Б.Энхбаяр их хэмжээний алдагдалд орсон байна. Тэрбээр “Нягт хөөс” ХХК-ийн байранд очиж, чанаргүй барилгын материал өгсөн тул төлбөрөө буцааж авах хүсэлт гаргасан байдаг. Гэтэл компанийн захирлын эхнэр гэх эмэгтэй хайч, төмөр барьж дайран үгээр доромжилж буй бичлэг соошл орчинд тараад багагүй хугацаа өнгөрлөө. Манай сонины сурвалжлах баг их хэмжээний мөнгөөр бараа худалдан аваад хохирол амссан “Хорго” группын бригадын дарга Б.Энхбаяртай уулзаж учир явдлыг тодруулсан юм.
Б.Энхбат: 20-23 кг/м3-ийн хөөс гэж 12.09 кг/м3-ийн хөөс зарсан байсан
Тэрбээр бригадын “Манай бригад барилгын, дулаалга хийдэг. Бид энэ оны зургадугаар сард Дорноговь аймгийн төвд багш нарын 29 гэдэг барилгын гадна талын хөөсөн дулаалгын ажлын тендер гүйцэтгэсэн. Тухайн үед “Нягт хөөс” ХХК-иас 20-23 кг/м3 нягттай хөөсийг 12 сая төгрөгөөр худалдан авч наасан. Бид ажлаа гүйцэтгэчхээд Дорноговь аймгийн барилга хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Баярмаад ажлын гүйцэтгэлээ шалгуулсан. Гэтэл “Танай бригадын ашигласан хөөс чанарын шаардлага хангахгүй байна” гээд бидний ажлыг хүлээж аваагүй. Дорноговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын сорьц шинжилгээтэй лабораторийн дүгнэлтээр “Нягт хөөс” ХХК-иас авсан хөөс 12.09 кг/м3 нягттай гэсэн дүгнэлт гарсан. Компани бидэнд худалдах үедээ дагалдуулж өгсөн шинжилгээний бичигт 22 кг/м3 нягттай хөөсний дүгнэлт өгсөн. Хөөсний шинжилгээ нь эрс өөр гарсны улмаас Дорноговь аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас долдугаар сарын 19-ны өдрийн 598 дугаартай албан бичгээр “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Сайншанд сумын гуравдугаар багт танай компанийг засварлаж буй хуучны нийтийн орон сууцны барилгуудын дээвэр, дулаалга, засварын ажил /1-р багц/-ыг зураг төсөл 21-23 кг/м3 нягттай хөөсөн полистирол хавтанг барилгын дулаалгад ашиглахаар заасан. Гэвч танай компанийн барилгад хэрэглэхээр авчирсан “Нягт хөөс” ХХК-ийн үйлдвэрлэсэн гэх хөөсөн полистирол хавтан нь лабораторийн шинжилгээгээр 12.09 кг/м3 нягттай байгаа тул дээрх барилгад хэрэглүүлэхгүй болохыг мэдэгдье” гэж гэрээ цуцлагдсан. Тус ажил 149 сая төгрөгийн өртөгтэй. Яг өнөөдрийн байдлаар манай бригадын хувьд “Нягт хөөс” ХХК-иас болж 150 сая төгрөгийн бодит хохирол амсаад байна. Бригадын ажилчид гурван сар цалин авалгүй хохирлоо. Нэг хүний ард дунджаар таван ам бүл байгаа гэхээр манай ажилтнуудтай нийлээд 100 гаруй хүн давхар хохирч байна.
Нэхэмжлэлгч хэргийн явцын талаар мэдээлэлгүй байна
“Нягт хөөс” ХХК-ийн эсрэг ганцаараа яваад ямар ч үр дүнд хүрч чадахгүй байсан тул хэргийг шийдүүлэхээр Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдлөө өгсөн. Хэргийн байдал удаашраад сар шахуу болж байна. Анх Б.Батбаатар ахмад хэргийг хариуцаж авсан. Хэд хоногийн дараа очиж уулзах үед Баянгол дүүргийн прокурор н.Маралд хэрэг чинь шилжсэн гэж хэлсэн. Өнөөдрийн байдлаар хэргийн явц ямар байгаа нь надад тодорхойгүй байна” гэсэн юм. Бид түүний мэдэгдсэний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахмад байцаагч Б.Батбаатартай холбогдож хэргийн явц шийдвэрлэлт ямар байгаа талаар тодрууллаа. Тэрбээр “БНХАУ-ын иргэн хэрэгт холбогдож, шалгагдаж байгаа учир нийслэлийн мөрдөн шалгах газарт шилжсэн. Прокурорын аргачилсан заавар тушаалд ямар хэргийг дүүргийн цагдаагаас шалгах вэ гэдгийг зааж өгсөн байдаг. Гадаадын иргэнтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах газар болон мөрдөн байцаах газарт хянадаг” хэмээсэн юм.
“Нягт хөөс” ХХК 3 сая төгрөгөөр торгуулж байжээ
Хохирогч Б.Энхбаяр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хөөсний үйлдвэртэй үл ойлголцсон асуудлаа тодруулж шийдэж өгөхийг хүсэж өргөдөл гаргажээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас харьяаллын дагуу нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шилжүүлсэн гэж мэдэгдсэний дагуу бид нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтантай уулзлаа. Албаны эх сурвалжийн хэлснээр “Нягт хөөс ХХК-тай холбоотой ирсэн гомдол дээр цагдаагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир гүйцэтгэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь ийм эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж буй хэрэг дээр Цагдаагийн ерөнхий газраас мэргэжлийн шинжээч томилж өгөх хүсэлтээ илэрхийлж дүгнэлт гаргуулдаг. Өнөөдрийн байдлаар “Нягт хөөс” ХХК-ийн холбогдолтой хэрэгт шинжээч томилох хүсэлт ирээгүй. Гэхдээ тус компанид явуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтээр гурван сая төгрөгөөр торгох арга хэмжээг өмнө нь авч байсан” хэмээв. Хохирогч нь тодорхой хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч хоёр тал бие биедээ гомдол гаргасан байгааг албан бус эх сурвалж хэлж байсан юм. “Нягт хөөс” компани нь дүгнэлтээр баталгаажсан хөөс зараагүйгээс гадна татварын буцаан олголтын “И баримт” хэвлэж өгдөггүй тухай Б.Энхбаяр хэлж байлаа.
Бид нийслэлийн татварын албаны холбогдох албан тушаалтантай утсаар холбогдож “И баримт” олгодоггүй аж ахуй нэг байгууллагад хэрхэн хариуцлага тооцохыг тодрууллаа. Нийслэлийн татварын албаны татвар төлөгчтэй харилцах газрын газрын мэргэжилтэн “Нэмэгдсэн өртгийн албан татвар “И баримт” олгохгүй байгаа талаарх мэдээллийн дагуу тус дүүргийн хариуцсан татварын албаны байцаагч газар дээр нь очиж танилцаад, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 3 дахь заалт Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг бүхий хүн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн, эсхүл борлуулсан, эсхүл ажил гүйцэтгэсэн, эсхүл үйлчилгээ үзүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4 дэх заалт Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 5 дахь заалт Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэлгүй бараа үйлдвэрлэж, борлуулж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж тэдгээрт ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг” хэмээн мэдэгдэв. Бид “Нягт хөөс” ХХК-ийн захиралтай утсаар холбогдож үүссэн нөхцөл байдалд тайлбар авахыг хүссэн боловч тэрбээр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт дээр үйл ажиллагаа явуулж, ашиг олж байгаа хэн боловч хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. “Би танил найз цагдаагаа дуудна, Мөнгө байхгүй. Манай хөөс ямарч асуудалгүй” хэмээн энгийн иргэн рүү хайч, төмөр барьж дайран хашхирах эмэгтэйд Монгол Улсад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах хэрэгтэйг сануулах төрийн төмөр нүүр байгаа гэж найдаж байна.