Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын холбогдох албан тушаалтнуудтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Хоёр байгууллага нь эмийн асуудлаар тогтмол хамтран ажилладаг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь ЭМДС-ийн санхүүжилтээр даатгуулагч иргэдэд эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Уулзалтын үеэр ЭМД-ын сангаас хөнгөлөлттэй олгож буй эмийг иргэдэд хүртээмжтэй, тэгш хүргэх, хамтран ажиллах арга зам, цаашдын зохицуулалт зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн, тодорхой ойлголтод хүрлээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдрийн байдлаар 1485 хот хөдөөгийн эмийн сангуудтай гэрээ хийж даатгуулагч-иргэдэд ерөнхий нэршлийн 159, худалдааны нэршлийн 590 эмийг ЭМДС-гаас 30-70 хүртэлх хувийн хөнгөлөлттийг үзүүлж байна.
ЭМДС-аас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх нь даатгуулагчдын эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн дарамтыг бууруулж, хаана, хэзээ байхаас үл хамааран амбулаториор эмчлэх боломжтой өвчний үед хэрэглэх эмийг хүндрэл чирэгдэлгүйгээр хүргэх, хөнгөлөлттэй эмээр дамжуулан эмнэлгийн шаардлагагүй хэвтэлтийг бууруулж, төсвийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилготой.
Төрөөс иргэддээ үзүүлж байгаа чухал бодлогын нэг нь хөнгөлөлттэй эмийг хүртээмжтэй авах, даатгуулагчдын халааснаас аль болох бага зардал гаргах үүднээс хөнгөлөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж ажиллаж байна. Хөнгөлөлттэй эмийн талаар мэдээллийг ЭМДЕГ-ын вэб сайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.