ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Сүхболд: Овор ихтэй тээшийг метал илрүүлэгчээр шалгаж, Төв цэнгэлдэх рүү нэвтрүүлнэ

O.Admin
6 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар Зохион байгуулах хорооноос мэдээлэл хийх үеэр Хэв журмын салбар хорооны дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал Т.Сүхболд мэдээлэл өглөө. Тодруулбал, Япон улсын Эзэн хаан Монгол Улсад айлчилж, баяр наадмын нээлт үзэх учраас өнөө жил хэв журам, наадмын хамгаалалтыг илүү өндөр зохион байгуулалттай хийхээр болсныг онцлов.

Т.Сүхболд генерал хэлэхдээ “Өнөө жил Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт 4000 гаруй алба хаагч ажиллана. Өнөө жилээс эхлэн аюулгүй байдлын зэргийг дээшлүүлэх шийдвэр гаргасан. Олон нийтийг хамарсан арга хэмжээнд халдлага болгохгүй байх, иргэдийг амар тайван байлгах үүднээс том оврын хэмжээтэй ачаа тээшийг метал илрүүлэгчээр шалгаж оруулна. Өнгөрсөн жил соёолон насны уралдааны үеэр болон баяр наадмын амралтын өдрүүдэд хотоос гарах, орох хөдөлгөөн удааширсан асуудал үүссэн.

Тиймээс энэ жил долдугаар сарын 09-нөөс эхлээд гарах, орох хөдөлгөөний хяналтыг сайжруулж ажиллана. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 9, 10-ны өдрүүдэд түгжрэл эрс нэмэгдэх үед ямар ч түгжрэлгүйгээр гаргах чиглэлд ажиллана. Тэрэлжийн салдаг уулзвар хүртэл иргэд түгжрэхгүй явна. Лүн рүү явдаг уулзвар хүртэл түгжрүүлэхгүй явуулахын төлөө цагдаагийн алба хаагчид ажиллана.

Төв цэнгэлдэх хүрээлэнд 1500 автомашины зогсоол, Хүй долоон худагт 8000 автомашины зогсоолыг бий болголоо. Шороон замуудыг түрж тэгшлээд маш цэгцтэй болгосон. Зөвшөөрлийн хуудсуудаар тухайлсан зогсоолууд нээгдэхээр бас зохицуулалт хийсэн. Япон улсын Эзэн хаан айлчлах учраас зарим газарт нэгдүгээр зэргийн хамгаалалт авч, зам хааж болзошгүй учраас иргэд маань ойлгоорой. Зөвхөн айлчлалын хамгаалалтад гэхэд 1000 гаруй албан хаагч нар ажиллана. Иргэдийг гол усанд эндэх, зам тээврийн осол аваарт өртөхөөс сэргийлж морь, завь, мотоциклтой эргүүлүүд ажиллана. Мөн 200 орчим гадаад хэлний мэдлэгтэй алба хаагч болон оюутан цагдаа нарыг жуулчид олноор явдаг газруудаар таних тэмдэг зүүлгээд ажиллуулна" гэсэн мэдээллийг өгөв.