Өнөөдөр буюу долдугаар сарын 4-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлыг ЭМДЕГ-ын дарга С.Энхболд удирдан явуулсан бөгөөд энэ үеэр эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг танилцууллаа.
ЭМДЕГ-ын Тамгын газар, Олон нийттэй харилцах хэлтэс болон орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсүүд нь иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг дараах сувгуудаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна.
Үүнд: Биечлэн хүлээн авах, цахим хаягаар, Засгийн газрын 11-11 төвөөр, 1800-1363 тусгай дугаарын утсаар, мэдээллийн бусад сувгаар тус тус хүлээн авч байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар дээрх сувгуудаар нийт 10,123 иргэн хандсан бөгөөд үүнд:
• 578 өргөдөл, гомдол
• 312 санал
• 9,233 хүсэлт багтсан байна.
Тэдгээрийн 99.7% нь хугацаанд нь, үнэн зөв, хүндрэл чирэгдэлгүйгээр шийдвэрлэгдсэн үзүүлэлттэй байна.
Хуралдааны үеэр төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр, шуурхай, ил тод шийдвэрлэж хариу өгөхөд анхаарах, цаашид өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр түргэн шуурхай шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллах чиглэлийг холбогдох нэгжүүд, албан тушаалтнуудад өглөө.