ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо

O.Admin
2 цагийн өмнө

Чөлөөлөх дайны талбарт байлдааны үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул ахмад дайчин Ундрахын Доржпалам өнөөдөр /2025.09.04/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Баатар” хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Өдгөө 104 насыг зооглож буй ахмад дайчин Ундрахын ДОРЖПАЛАМ 1945 онд Замын-Үүдийн Хил хамгаалах 12-р отрядад Тусгай офицероор үүрэг гүйцэтгэн Чөлөөлөх дайнд оролцон тулалдсан юм.

Тусгай алба бол дайсны үйл хөдлөлийг тандан мэдэж, тэдний довтолгооноос өмнө дээд командлал, отрядад мэдээлэл хүргэдэг чухал үүрэг байжээ. Тэрээр 82 нас хүртлээ буюу нийт 60 жил улсад хөдөлмөрлөхдөө 17 жилийг цэргийн албанд зориулжээ. Эхний гурван жил хилийн цэрэгт ажиллаж байгаад тайван цаг тогтож, Дотоодын цэрэгт ажилласан байна.

1959 онд Монгол Улс даяар хөдөө аж ахуйн нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байх үед Ю.Цэдэнбал дарга Намын төв хорооны илгээлт ирүүлж, Төв аймгийн Бүрэн суманд нэгдэлжих хөдөлгөөн зохион байгуулах үүрэг өгчээ.

Ингээд 1959-1970 он хүртэл Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргаар ажиллах хугацаандаа Бүрэн сум хөдөлмөр зүтгэлээрээ улсдаа гурван удаа тэргүүлж байсан түүхэн гавьяатай.

Мөн Цэргийн оёдлын үйлдвэрт улс төрийн орлогчоос эхлээд Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн, Дэлгэрхаан сумдад сум нэгдлийн дарга, Төв аймагтаа аж ахуй хариуцсан дарга зэрэг хариуцлагатай албыг нэр төртэйгээр хашиж байгаад хожим Төв аймгийн Ахмадын хорооны даргаар 11 жил тасралтгүй ажиллаж гавьяаныхаа амралтад гарчээ.