ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХОХИРОГЧИД: Төрийн өндөрлөгүүд хохирсон иргэндээ ялгавартай хандаж байна

O.Admin
5 цагийн өмнө

Өдгөөгөөс хоёр жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Дашваанжил компанийн хийн газ тээвэрлэж явсан авто машин Дүнжингаравын уулзварт дэлбэрсний улмаас гашигт нэрвэгдэж олон хүн амь нас эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон аймшигт осол гарсан билээ. Идэр есийн хүйтэнд 207 байрны 63 өрхийн 220 гаруй хүн орон гэргүй болж өмссөн хувцастайгаа амь өрсөн гудамжинд гарч байсан бол өнөөдөр тэдний байрыг бариулах тендер зарлаж буйгаа Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдэгдэв.

Тэгвэл, “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан хүүгийнхээ, нөхрийнхөө, аавынхаа амь насыг төр засгаас нэхэж байна хэмээн хажуугаар нь явж байгаад дэлбэрэлтэд өртөж амиа алдсан хүмүүсийн ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийв.

Тэд “Дүнжингаравын ослоос хойш амь насаа алдсан иргэдийн ар гэрээс нэг ч удаа уучлалт гуйж холбогдоогүй. Тиймээс бид төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлнэ. Ажлаа хийж явсан хүмүүс гэрээсээ гараад эргэж ирсэнгүй. Бид хэрэг гарснаас хойш хоёр жилийн хугацаанд шаналж, бүх шатны байгууллагад хандсан. Монгол Улсын иргэний амь нас үнэгүйдсэнд харамсаж байна” гэсэн юм.

Хохирогчдын төлөөллийн байр суурийг тоймлон хүргэе.

Хохирогч Н.Сарантуяа: Аймшигт ослын улмаас хайртай хүмүүсээ алдаад даруй хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын төр биднээс уучлалт ч эрсэнгүй. Хэдэн саваагүй хүмүүс өөрсдийн буруугаас хохирсон мэт үл тоомсорлож байна. Би энэ улсад эрүүл саруул хүү төрүүлсэн. Миний хүүг Э.Сэргэлэнбаатар гэдэг байсан. Хүү минь дөнгөж 18 настай байсан. Монгол Улсдаа ихийг бүтээж, үр хүүхдээ төрүүлж, өсгөж хүмүүжүүлэх эрх үүрэг тэр хүнд байх байсан ч эдэлж чадсангүй.

Хүү минь энэ хорвоод эргэж ирэхгүйгээр явсанд төр засаг шууд буруутай гэж би үзэж байгаа. Аюултай ачаа тээврийг ямар ч стандартгүйгээр хүн ам олноор суурьшсан бүсээр тэвээрлэж, хүн амаа эрсдэлд оруулсан стандартгүй хотод амьдруулж байгаадаа Засгийн газар буруутай. Тиймээс бид хайртай хүү, аав, ханийнхаа төлөөсийг төрөөс нэхэмжилж байна. Жирийн иргэн бид хэчнээн хариуцлагатай байгаад ч төр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол бид юунд найдаж амьдрах юм бэ. Дахиад ийм осол гарахгүй гэсэн баталгаа байна уу. Амиа алдсан ар гэрийн төлөөллийг төрийн өндөрлөгүүд яаралтай хүлээн авч уулзах ёстой.

Хохирогч С.Батчимэг: Миний хань энэ ослын улмаас амиа алдсан. Тухайн үед би ханиа 10 гаруй хоног сахисан ч аварч чадаагүй. Нэг жилийн хугацаанд надад ажил хийх ч боломж байгаагүй. 3-18 насны гурван хүүхэдтэйгээ үлдэж хоцорсон. Надад яваагүй газар байхгүй. Хоёр жилийн хугацаанд төрийн өндөрлөг буюу Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт нэг удаа, УИХ-ын дарга буюу Ерөнхий сайд Г.Занданшатартай хоёр удаа уулзах хүсэлт гаргасан.

Хотын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шадар сайд гээд хандаагүй хүн байхгүй. Олон хүний амь нас эрүүл мэнд хохирсон асуудлаар удаа дараа хүсэлт гаргасан ч биднийг хэн нь ч хүлээж аваагүй. Эндээс гараад бид Засгийн газрын ордон руу очиж мэдэгдлээ өгнө. Дэлгэцээр биднийг хараад хүлээж авч уулзах болов уу гэж найдаж байна. Хууль шүүхийн маргаан явж байгаа гэдэг ч өнөөдөр гацаанд орчихоод байна. Анхнаасаа бидэнд ялгавартай хандсан.

Ажлаа хийж явсан иргэн, харуул ах, слесарь гээд жирийн иргэд л энд хохирсон. Хэрвээ хэн нэг том дарга цэрэг тэнд хохирсон бол ингэж хандахгүй байсан байх. Тухайн үед хэргийг шалгаж байхдаа сэтгэлзүйд учирсан хохирлыг үнэлүүлээгүй атлаа хоёр жилийн дараа гэнэтхэн дуудаж яаралтай үнэлүүл, үгүй бол нөхөн төлбөр байхгүй шүү гэж хэлсэн. Гэтэл хохирол учирсан байрны иргэд байраа нураалгаж шинээр бариулаад, нэмээд сар бүр түрээсийн төлбөр авч байгаа. Тендер зарлаад шинээр барьж өгөх гэж байна шүү дээ. Гэтэл хүний амь тийм үнэгүй юм уу. Ослоос үүдэлтэй гамшиг болж, хүн хохирчихоод байхад хэн ч анхаарахгүй байна шүү дээ.

Жирийн иргэдэд төр ингэж үйлчилж байна. Тухайн үед манай хань машинтайгаа явж байгаад шатсан. Гэтэл шатсан машины татварыг төл гэж шаардаад би хоёр жил төлөөд явж байна. Татвараа төлөхгүй бол таны дугаарыг авна гэнэ ээ. Энэ тэгээд шударга ёс юм уу. Би эмчийн цалингаар гурвын гурван хүүхдээ тэжээгээд явж чадахгүй байна. Ханийгаа алдсанаас хойш манайх чимээгүй, нам гүм айл болж хувирсан. Хүүхдүүд маань надаас нууж уйлдаг. Миний гурван хүүхдийн сэтгэлзүйн хохирлыг үнэлэхгүй байгаа юм. 

Хохирогч Э.Очир: Миний аав Т.Эрдэнэбаатар нь осол гардаг шөнө тэнд зорчиж явсан. Улмаар Түлэнхийн төвд хүргэгдсэн ч шархаа даагаагүйн улмаас хоёрдугаар сарын 07-ны өдөр бурхан болсон. Хар дарсан тэр шөнөөс хойш хоёр жил өнгөрлөө. Магад тэр өдөр хэн нэгний хайртай хүмүүс тэнд явж байсныг Монгол Улс мартсан байх. Тийм иргэнтэй байсан гэдгээ ч мартсан байх.

Яагаад энгийн иргэндээ төр ингэж ялгаварлан гадуурхаж, гудамжинд хөсөр хаяж байгаа юм бэ. Бид шат, шатандаа уулзах хүсэлт гаргасан ч хэн ч хүлээж авч уулзаагүй. Хэрэг одоо мөрдөн байцаалтад л явж байгаа. Сэтгэл санааны хохирлыг тухайн үед тооцохгүй гэж байснаа дараа нь дүгнүүл, үгүй бол нөхөн олговор олгохгүй гэж хэлсэн. Байраа алдсан хүмүүстэй бид барьцаагүй. Гэхдээ хайртай хүмүүсээ алдсан хүмүүст төр ялгаварлан гадуурхаж хандаж байгаагаа боль гэж хэлэхийг хүсэж байна.

Хохирогч Б.Гантулга: Миний аав 36 жил улсад ажиллаж, ганцхан жилийн дараа тэтгэвэрт гарах гэж байсан. Гэтэл аавыг маань амьд мумми болгосон. Одоо аав минь бидний дэргэд алга. Гомдолтой байна. Ар гэр нь ямар их шаналж, зовсон гэж бодно оо. Аав минь давхар ажил хийж, гэр бүлийнхээ төлөө явж байсан.

Эхний нэг жилд хүүхдүүд маань өвөөгөө нэхэж, ээж маань өнөөдрийг хүртэл хань ижлээ үгүйлж гансраад надтай хамт амьдарч байна. Аав маань төрөөс өчнөөн олон гавьяа шагнал авч байсан насаараа төрд зүтгэсэн, олон хүн мэддэг хүн байлаа. Гэтэл нийгмийн даатгалаас хоёрхон сая төгрөг өгөөд л өөр юу ч аваагүй.

Хохирогч Ж.Ганболд: Дүнжингаравын осолд гуравдугаар зэргийн 39 хувийн түлэгдэлтэй өртсөн хүн байна. Төр засгийн өндөрлөгүүдэд өөрийнхөө санал бодлоо хэлье гэж энд ирлээ. Аавыгаа, ханийгаа, хүүгээ, эрүүл мэндээ алдсан биднээс яагаад төр уучлалт гуйж болдоггүй юм бол. Яагаад ингэж гадуурхаж байгаа юм бол. Маш том дэлбэрэлт болж, олон хүн хохирсон шүү дээ.

Төр засгаас иргэн хүний хувиар хохирлоо барагдуулах хүсэлт тавьж байна. Түлэгдлээс хойш байнга л эм тариа хэрэглэнэ. Эм тариа байхгүй бол хэцүү. Нүүрсний арьс гэхэд зөөлөн улаан юм л байдаг даа. Миний сэтгэлзүйн хохирлыг үнэлээгүй. Хааяа дуудаж гарын үсэг л зуруулдаг. Хэрэг ямар шатандаа явааг мэдэхгүй. Цагдаагаас үнэлүүлнэ ээ гэдэг ч дуудаагүй л байгаа. Биднийг хүлээж авч уулзахгүй бол суулт зарлана. Яаж тэмцэх боломж байдаг юм тэр бүрээр тэмцэнэ. 

...Дашрамд дурдахад, амь хохирогчдын ар гэрийнхэн өнөөдөр Төв талбайд нас барсан хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэж 1000 зул өргөхөөр болжээ.