ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үе тэнгийн дээрэлхэлттэй тууштай тэмцэх цаг нь болжээ

O.Admin
5 цагийн өмнө

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2011 онд Их сургуулийн нэг ангийнхаа долоон хөвгүүнд хүчирхийлүүлж, гурван ч удаа энэ асуудлаар шүүх цагдаад хандсан ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосоор байсан учраас арга буюу хэвлэл мэдээллээр өөрийн нүүр царайгаа ил гарган шүгэл үлээсэн 34-хөн настай бүсгүйн хэрэг нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаж байна.

СУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан байхад нь түүний ууж буй зүйлд эм бэлдмэл хийж ухаан алдуулаад бүлэглэн хүчиндсэн бөгөөд үүнийг нь харж байсан хоёр эмэгтэй оюутан болиулах гэж оролдоогүй төдийгүй дараа нь энэ тухай бусад хүүхдүүдэд хэлснээр сургуульдаа сурах аргагүйд хүрч, 15 жилийн турш амьдын тамд амьдарсан бүсгүй эцэстээ зориг гарган үнэнийг илчилж, 2020 оноос хойш дөрвөн удаа цагдаад өргөдөл гаргасан ч хэрэг хуучирсан хэмээн хаасаар иржээ.

Хамгийн хоржоонтой нь хэргийг хуучирсан гэж хааж байсан цагдаа нар энэхүү мэдээлэл хэвлэлээр гарахтай зэрэгцэн эргэж сэргээн шалгаж эхэлсэн гэдгээ мэдэгджээ. “Урлагийнхны ариун өргөө” гэгддэг СУИС-тай холбоотой хоёрдахь том сенсааци энэ бөгөөд өмнө нь жүжигчин охид доод ангийн охидоо дээрэлхэж, зодон винонд гүйлгэж, хоолны мөнгө нэхдэг байсан нь ил болж сошиалд багагүй дуулиан үүсгэсэн билээ.

Жүжигчин Б.Мишээл, Жерри буюу Т.Бадамжав, Б.Номин нар холбогдсон үе тэнгийн дээрэлхэлт буюу нэгнээ гадуурхаж байсан энэ асуудлаас болж тэднийг элдэв кино, сурталчилгаанд тоглуулахгүй байхыг нийт нийгмээрээ шаардсан ч асуудал тэгсхийгээд мартагдаж, уран бүтээлчид бүгд тус, тусын ажлаа хийгээд инээж ханиагаад, элдэв сурталчилгаанд тоглоод явж байгаа. Монголд шударга ёс ингэж л хэрэгждэг.

Гэтэл манайхаас өөр улс оронд бол үе тэнгийн дээрэлхэлт хийж байсан уран бүтээлчдийг нийт нийгмээрээ жигшин зэвүүцдэг болсон бөгөөд ямар ч уран бүтээлд тоглуулахгүй байхаас гадна сурталчилгааны бүх компаниуд гэрээгээ цуцалдаг болсон. Хүүхэд байсан юм, гэнэн томоогүй байсан юм гэсэн хөөрхийлөх, эвийлэх зүйл ерөөсөө байдаггүй. Тэр байтугай сургуульдаа үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн бол тухайн сурагчийг Их дээд сургуульд тэнцүүлэхгүй байх зарчмын асуудлыг ч БНСУ хуульчилж байгаа аж.

Эрх чөлөөтэй, дураараа авирлаж болдог гэгддэг Холливудад ч хүчирхийлэл үйлддэг, бусад уран бүтээлчидтэй зүй бус авирласан хүмүүсийнхээ эсрэг тууштай тэмцэж, зарим нь ял авч байна. Гэтэл долоогийн долуулаа нэг бүсгүйг хүчирхийлсэн этгээдүүд өнөөдөр бүгд сул чөлөөтэй ажил хийж, амьдрал зохиогоод явж байгаа атал хүчирхийлэлд өртсөн бүсгүй ажил, амьдралаа алдаж, 15 жил зовж амьдарна гэдэг хэрээс хэтэрсэн үйлдэл билээ. Энд насанд хүрсэн буюу оюутнуудын дундах үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, нэгнээ бүллидэх асуудлыг бичиж байна.

Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн орчинд энэ асуудал чимээгүй тахал болсон гэдгийг олон ч судалгаа харуулсаар байгаа. Дэлхий дахинд жил бүр 45 мянга гаруй өсвөр насныхан амиа хорлодог бөгөөд үүний 50-иас илүү хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөний улмаас гэсэн тоо баримт гарсан учраас дэлхийн бүх улс орон үүнтэй тууштай тэмцэж, кампанит ажлууд зохиож эхлэв. Монгол Улсад ч энэ тоо өндөр бөгөөд хүүхдүүдийн 30 орчим хувь нь сургуулийн орчинд хүчирхийлэлд өртөж байгаа гэсэн судалгаа гарчээ.

Боловсролын яамнаас Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртсөн гэж хариулжээ. 

Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын найм нь хүчирхийлэлд өртсөн гэсэн үг. Өнгөрөгч оны байдлаар 2200 өсвөр насны хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн бол 1050 насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдсон гэхээр энэ бол чимээгүй тахал болжээ гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Тиймээс Монгол Улс ч үүнтэй тууштай тэмцэхээр шийдэж, гурван үе шаттай ажил хэрэгжүүлэхээр болсноо Хотын даргын орлогч А.Амартүвшин мэдэгдсэн билээ. Аман байдлаар хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдвол хувийн хэрэгт тэмдэглэх. Бие махбодийн хүчирхийллийг сургуулийн гадна, дотно орчны камераар баталгаажуулахаас гадна хиймэл оюун ухаан ашиглаж тогтооно. Цахим орчны дээрэлхэлтийг 18 хүртэлх насны хүүхдүүдийн олон нийтийн сүлжээний хаягийг эцэг, эхийн хяналттай болгох байдлаар хянана гэжээ.

Харин Боловсролын яам тийм боломж байхгүй, хүүхдийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл, бие хүн болж төлөвшөөгүй хүүхэд насны алдаа насан туршид нь дагалдах ёсгүй гэж мэдэгдэж байгаа ч ямар нэг байдлаар үе тэнгийн дээрэлхэлтийг хянах, хатуу хариуцлага тооцох байдлаар айлгах, ичээх бодлого хэрэгжихгүй л бол тэдгээр хүүхдүүдээс болж хохирч буй хүүхдийн эрхийг ч давхар бодолцох ёстой. Яг л 34 настай бүсгүй шиг насан туршдаа бие, сэтгэлийн шархтай үлдэх, эс бөгөөс амиа хорлох сонголт хийж байгаа хүүхдүүдийн эрхийг ч давхар бодолцож,  дан ганц ЕБС-ийн түвшинд ч бус Их дээд сургуулийн хүрээнд ч анхаарч үзэх цаг нь болжээ. Сургуульдаа хүчирхийлэгч байсан этгээдэд хүлээлгэх хуулийн хариуцлагыг хатуу хуульчилж өгдөг, тийм намтартай бол ажлын байр цаашлаад нийгэмд хүлээн зөвшөөрөх байдалд ч хатуу хяналт хэрэгтэй болсныг энэ мэт жишээнүүд харуулсаар байна.