Монголчууд л өөрсдийгөө бүтэхгүй, чадахгүй, мэдэхгүйгээр нь дуудаад байдаг. Тийм биш, манайхан өдрөөс өдөрт соён гэгээрч, соёлжиж, хотжиж байгаа. Мэдлэг, мэдээлэлтэй болж, бие биедээ зөв шаардлага ч тавьж чаддаг болсон. Улс бага багаар хөгжихийн хэрээр иргэдийн сэтгэхүй ч өөрчлөгдөж байна.
Манайд хэзээ мод тарих өдөр гэж байлаа. Харин одоо мод тарих өдөртэй болчихсон. Жил бүр л хэдэн мянгаар нь мод тарьж байна. Хотын удирдлагууд “ухаалаг” арга сэдэж уулнаас ургачихсан мод авчирч, Улаанбаатар хотынхоо төвд түшүүлж тавьж байгаа. Мод тарьж байгаагийн бас хэлбэр мөн үү гэвэл мөн.
Монголчууд бид мод тариад сурчихлаа. Нүх ухаад, модоо суулгаад, шороогоо булаад сурчихсан. Одоо ургуулж сурцгаая аа. Тарих нь гол биш ургуулах нь чухал юм шүү дээ. Тарьсан модоо байнга эргэж тойрч, услаж тордож, арчлаад сурчихвал нийслэл маань тун удахгүй ногоон байгууламжаар бүрхэгдэнэ.
Түүнээс гадна, монголчууд байгаль дэлхийгээ хайрлаж, орчин тойрноо цэвэрлэдэг болсон. Хог цэвэрлэх аян ч их өрнүүлдэг болж. Бас л хотын соёл шүү. Түүж сурах яах вэ. Хогоо хаяхгүй байхад суралцмаар байна аа, хүмүүс минь. Нэг үеэ бодвол нийслэлд хогийн сав хаа сайгүй байдаг болж. Хогоо хогийн саванд хийгээд хэвшчихье. Машиныхаа цонхоор юу ч хамаагүй хаядаг буруу зуршлаа гээе. Тэгвэл бид хог түүх аян өрнүүлээд байх шаардлагагүй шүү дээ. Зөв соёлд суралцах л хэрэгтэй байна.