Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газраас гаргасан онцлох шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Нөөцийн махтай холбоотой Засгийн газрын шийдвэр гарлаа. Хуучин арилжааны банкуудаар дамжуулаад ААН-үүд хөнгөлөлттэй зээл авдаг, зээлийн хөнгөлөлтийг арилжааны банкууд руу олгодог байсан. Одоо зөвхөн арилжааны банк гэхгүйгээр ААН-үүдэд өгөх бололцоог бүрдүүллээ.
Ерөнхий сайдын хувьд хөдөө аж ахуйн салбарт олгож байгаа дэмжлэг, зээл яг төмс, ногоо, тариа будаа, мах болж байна уу гэдгийг “И баримт”-аар хянах бодлого барьж байгаа. ААН-үүд урамшуулал авах хэмжээнд махаа бэлтгэсэн үү гэдгийг хянаад урамшууллыг олгох ил тод байдал явна" гэлээ.
2027 оны хаврын улиралд 15-20 мянган тонн нөөцийн мах бэлтгэх төлөвлөгөөний дагуу өнөөдрийн байдлаар 20 аж ахуйн нэгжээс 11.6 мянган тонн мах нийлүүлэх хүсэлт ирүүлжээ. Үүнээс “Хаан” банк болон Худалдаа хөгжлийн банкны зээлийн хорооны шийдвэрээр 7 аж ахуйн нэгжийн нийт 61.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг баталж, 3117 тонн мах бэлтгэхээр хяналтын гэрээ байгуулах шатанд байгаа аж.
Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 800 гаруй тэрбум төгрөг малчдын гарт очжээ. Энэ талаар Ц.Идэрбат сайд ярихдаа "6 хувийн хүүтэй зээл малчдад огт олддоггүй байлаа. Зээлийн эргэн төлөлт харьцангуй сайн явж байна. Шинээр мөнгө байхгүй. Өмнө олгосон зээлийн хүүгийн татаасаа төлөөд явж байгаа.
“Цагаан алт” хөтөлбөр, “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хөдөө аж ахуйн боловсруулах салбарт маш том ахиц гарлаа. Ноосны үнэ өнөө жил харьцангуй сайн байна. Ноосонд 50 гаруй тэрбум, арьсанд 30 тэрбум тэрбумын хөнгөлөлттэй зээл олгосон нь үр дүнгээ өгсөн. Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд амжилттай үр дүнгээ өгч байна гэж дүгнэнэ. Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй төслүүдийг зөв зүйтэй явуулна" гэв.