ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Такси үйлчилгээнд чөлөөт өрсөлдөөн бий болгож, албан ёсны хэрэглээг нэвтрүүлье

O.Admin
59 минутын өмнө

Ингэж бичихээр хувиараа халтуур хийдэг олон хүн уурлах нь гарцаагүй. Хүссэн ч эс хүссэн ч дэлхий нийт эко буюу цахилгаан, албан ёсны зөвшөөрөлтэй стандарт такси үйлчилгээний хэрэглээнд бүрэн шилжиж, автомат жолоодлоготой, алсын удирдлагатай, өөрийгөө цэнэглэдэг, өрөөлөөр цэнэглүүлдэг, буух хаягтай, буцах мөртэй албан ёсны таксинууд нийтийн тээвэртэйгээ зэрэгцэн хэрэглээнд бүрэн нэвтэрчихлээ. Бидний урд хөршид гэхэд л жолоочгүй стандарт такси үйлчилгээнд явж эхлээд даруй 5-6 жил болж байна.

“Автомашины оршуулгын газар” гэгддэг Улаанбаатар хот л Азийн хотуудаас ганцаараа шахуу япон, солонгосын он хуучин машинуудтай, хөлс шивэр, тамхи тариа нь үнэртсэн, бөөн улс төр ярьсан пээдгэр хэдэн жолоочтой хувийн такси үйлчилгээтэйгээ гацаанд орж, иргэд нь төв зам дээрээ хэдэн цагаар бохир үнэрт нь тамлуулаад түгжрээд зогсож байгаа нь үнэн. Үнэ хөлс нь үзэмжээр өснө. Үйлчилгээ харин улам бүр л дордоно. Нийтийн тээврийн хүрэлцээгүй улсад жолоочийн хүссэн үнээр л олдсондоо сууж, хүчээр шахуу улстөржилтийг нь сонсож, заримдаа хүчирхийлэлд өртөх нь ч олонтай. Бөгсний хорхой нь гараагүй залуус таксинд явж байгаагаас биеэ эзэмдэх чадваргүй охидыг хүчирхийлдэг, утасны дугаарыг нь авчихаад араас нь бичдэг, идэр насныхан нь элдэв янзаар доромжилдог гэх мэт асуудал үүссээр. 

Гэтэл Азийн орнууд хэдийнэ цахилгаан машин, стандарт таксины хэрэглээнд шилжиж, дайн байлдаантай, түлшний хомсдолтой энэ цагт шатахууны хомсдолтой нүүр тулахгүй амьдарч, ажиллаж, хөгжиж дэвшээд, хөдөлмөрлөж бүтээгээд явж байгаа нь нууц биш юм. Хүний хамгийн үнэт зүйл бол цаг хугацаа. Түүнийг юугаар ч хэмжиж болохгүй. Нийслэлийн нэг иргэн жилд дунджаар 240-310 цагийг түгжрэлд өнгөрүүлж байгаа гэсэн тоон мэдээ бий. Гэр бүлдээ, өөрөө өөртөө, ажилдаа зарцуулах ийм үнэт цаг хугацааг хий дэмий замын түгжрэлд бухимдаж өнгөрүүлж байгаад олон учир шалтгаан бий. Хотын буруу төлөвлөлт, хувийн автомашины хэт төвлөрөл, хэн дуртай нь халтуур хийж буй замбараагүй байдал, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал, ажил, сургуулийн буруу төлөвлөлт гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаална.

Тэр тусмаа 500-хан мянган хүнтэй байхаар төлөвлөсөн нийслэл хотдоо 1.3 сая гаруй иргэн нь орж ирээд чихэлдчихээр энэ байтугай бэрхшээл асуудал үүснэ. Хотын нүх сүв, гудамж талбайг нүхэлж, сүвлэж мянга түмэн зам, уулзвар тавиад ч бэрхшээл арилахгүй. Өнөөдрийн ганцхан борооноор л гэхэд хотоороо тэг зогсолт хийж буй нь энэ бүхний тод томруун жишээ. Нэмээд такси нь олдохгүй. Олдсон ч тэнгэрийн үнэтэй. Маргааш өглөө гэхэд метро бариад, дагуул хотуудыг ар, араас нь босгочихгүй л бол автозамын түгжрэл, агаарын бохирдол, насжилт өндөртэй автомашины оршуулга, тэгш, сондгой, буруу зөрүү жолоодлого, таксины стандарт, бохир завааны хэрүүл мөнхөд л үргэлжилнэ. Тэр тусмаа шатахууны хомсдол ирэх жилүүдэд ч үргэлжилсээр байх нь ойлгомжтой боллоо. Тэр хэрээр стандартгүй таксины жолооч нар хүссэн үнээ хэлнэ, хүссэнээрээ иргэдээ дарлана. Эс бөгөөс олдохоо больж, цөөхөн хэдэн автобусандаа багтах гэж зодоон болно.

Нэгхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн илэрхийлсэн байр суурь, ОХУ, Украины дайн улам бүр ширүүсч буй энэ бүх гадаад хүчин зүйл бидэнд хараат байдлаас гарах, хамааралтай эдийн засгаа өөрчлөх, ухаалаг хэрэглээ буюу ногоон эдийн засгаа эрчимжүүлэх, эко машины хэрэглээг сурталчлах, стандарт таксинуудыг хэрэглээнд нэвтрүүлж, үнийг нь чөлөөлөх зэрэг олон тулгарсан асуудлаа шийдэх ёстойг сануулсан сэрэмжлүүлэг, дохио боллоо. Үүнийг ч олон хүн ярьж хэлж байх ажээ.

Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөх Ж.Сандагсүрэнгийн өөрийн нүүр номдоо оруулсан бичлэг олон хүний анхаарлыг татаж байна. Тэрбээр, “НИТХ-аар 2027 оны төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор нэг зүйлд саналаа хэлье. Гадуур иргэд таксины үнэ, үйлчилгээнд бухимдалтай байна. Нийслэлээс баталсан журамд 1500 гэж тусгасан ч гадуур 3000-аас дээш үнэтэй болсон. Хүлээлэг, бөглөрөл гэх мэтээр нэмсээр байгаад 6 км газарт 25-30 мянгаар зорчиж байна. Мөн үйлчилгээ нь тэг заасан. Албан ёсны такси үйлчилгээ гэхээр зүйл байхгүй. Ганц нэгхэн компаниуд үйлчилгээ явуулдаг ч такси үйлчилгээний стандарт байхгүй, эргэх холбоогүй. Хэдэн жолооч нар апп-аар нэгдээд л явж байгаа. Энэ бол монополь байдал юм.

“Юбикаб” өөрийн гэрээнд жолооч нарын өмнөөс ямар ч үүрэг хүлээхгүй гээд биччихсэн. Албан ёсных биш учраас аргагүй шүү дээ. Би “Улаанбаатар хөгжлийн корпораци”-д даргаар ажиллаж байхдаа албан ёсны такси үйлчилгээний талаарх төслөө бичсэн ч хэл амнаас айгаад, хэсэг хүмүүсийн лоббигоор зогсоочихсон. Манай төрийн албан хаагчид нэг хүний хэл ам, хэрүүл тэмцлээс айж явуулж байсан төслөө зогсоодог байж болохгүй. 1500 төгрөг гэсэн худлаа журмаа ч боль. Энийгээ цуцлахгүй бол албан ёсны компани орж ирж өрсөлдөхөд ч бэрх.

Байгаа компани чинь 1500-гаар хэзээ ч үйлчлэхгүй. “Юбикаб”-д ажиллаж байгаа 50-аас дээш насныхан ажил, амьдралаа залгуулж байна гэж уурлах байх. Байж бололгүй л яахав. Бүх улс орны жишгээр ахмадууд л голдуу такси үйлчилгээнд явдаг. Саяхны хэдэн өдрийн шатахууны хомсдолоор бид юуг ойлгов. Хэрвээ 1500 цахилгаан такси хэрэглээнд орчихсон байсан бол саяны хомсдолын үеэр ямар ч асуудалгүй даваад л гарах байсан. Бид энэ боломжоо алдчихлаа гээд яваад байж болохгүй. Орчин үеийн цахилгаан таксиг заавал хэрэглээнд нэвтрүүлье.

Тэгж байж л өрсөлдөөн бий болно. Үнэ чөлөөлөгдөж, иргэд стандарттай таксигаар айх аюулгүй, ам хамраа дарахгүйгээр явна. Нийтийн тээвэртэйгээ хослуулаад албан ёсны стандарттай такси үйлчилгээгээ л хурдан нэвтрүүл. Олон төрөлт гэж үүнийг хэлээд байгаа юм. Дөнгөж жолооч болж байгаа залуус ч хүн тээвэрт явахгүй. Хамгийн багадаа 10 жил явж байж жолооч болдог. Тэгэхээр олон жил жолоо барьсан, туршлагатай, 45-аас дээш насны ахмадууд, тэтгэвэрт гарсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсээ сургаад, дадлагажуулаад, хүнтэй харилцаж сургаад албан ёсны такси үйлчилгээнд явуулъя” хэмээжээ.

Өөрөөр хэлбэл, хуучирсан хувийн машинтайгаа дураар давхилдаж байгаа залуус бус ахмадууд ажлын байраар хангагдаж, идэр насныхан нь хүсвэл орж ирээд ажиллах ажлын байрыг бэлдчихвэл автобус хүлээж хэдэн цагаар хөлдөх шахаж зогсдог, ачаалалтай цагаар заавал нэмэлт хөлс төлж, шивэр шинхэг үнэртсэн машинаар явахгүй болно оо гэсэн үг. Такси ховрынх байхаа больж, иргэн өөрийн сонголтоор хэрэглээгээ зохицуулж, тэнгэрт хадсан үнээр биш тохирсон үйлчилгээгээ стандарттай аваад ирэхээр "хувийн машинтайгаа л явъя" гэдэг хувиа хичээсэн байдал ч алга болох учиртай бус уу. Хотын иргэд бид аюулгүй, чөлөөтэй, тухтай үйлчилгээг авах эрхтэй гэдгийг НИТХ-ын төлөөлөгч нар санаж сэрж, улстөржилтөөс илүү улсынхаа иргэдийг бодож зоригтой, зоримог шийдвэр гаргамаар байна.