ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нандин зүйл гэдэг бол нандин л байх ёстой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-19

Хүний нандин  зүйл гэдэг нандин л байх ёстой юм билээ. Миний хайрлаж энхрийлдэг бүхэн сэтгэлийн минь чанадад оршиж, тэр чанадад хайрын вант улс бий болж, тэр улсад хайртай хүмүүс минь жаргал дүүрэн байна гэдэг л өөрөө “ нандин” зүйл аж. Түүнээс биш хайртай үрийг минь хайр татам хөөрхөн гэдгийг хэр олон хүн мэддэг вэ гэдэг нь хайрын үнэлэмж биш юм санж. Түүнийхээ хайрламаар, өхөөрдмөөр бүхнийг би л мэддэг, би л мэдэрдэг байх нь хангалттай. Тэр мэдрэмжийг хэнтэй ч хуваалцахыг үл хүснэ. Ийм аминчхан зүйл бодох болсон минь шалтгаантай. Би ч гэсэн бусдын адил хөөрхөн охиныхоо зургыг цахим орчинд нийтэлж, гайхуулдаг байлаа.

Гэвч найзын минь зургаахан настай охинд тохиолдсон явдал аюулын дохио болж, түүнээс хойш өөрийнхөө зургийг ч нийтлэх минь цөөрсөн юм. Найз минь өөрийн цахим хуудастаа охиныхоо өдөр тутмын бүхий л үйлдлийг нийтэлдэг байв. Түүний тухай хөгжилтэй постууд бичиж, юунд дуртай, юунд дургүй, уурлахаараа, баярлахаараа ямар зан гаргадаг гэх мэтээр бүгдийг нь өхөөрдөн бичнэ. Эгдүүтэй хөөрхөн зургыг нь ч өдөр алгасахгүй оруулна. Түүний охиныг гэрийнхэн нь хэн гэж өхөөрдөн дууддагийг түүний фэйсбүүкийн найзууд бүгд мэддэг байв. Гэтэл нэг өдөр охиноо хичээлээс нь авдаг цагаасаа бага зэрэг хоцроод очтол сургуулийн хашаагаар охиныг танихгүй эмэгтэй хөтлөөд гарч явахтай халз таарчихаж.

Үг хэлэхийн завгүй мөнөөх эмэгтэй ч гүйсээр одож, найз минь ч ухаан зайлах шахам үлдэж гэнэ. Тэр эмэгтэй охиныг нь гэрийнх нь нэрээр дотночлон дуудаж, өөрийгөө ээжийнх нь найз хэмээн танилцуулаад, дуртай зайрмагийг нь авч өгье гээд дагуулаад явж байсан нь тэр байж.  Аз таарч найз маань тэр торгон агшинд түүнтэй таараагүй бол, дахиад хайртай ганц охиноо харахгүй ч байж болох байсныг бид одоо хүртэл зүрх шимшрэн ярьдаг. Тиймээс л бидний хайрладаг, нандигнадаг бүхэн зөвхөн өөрийнх минь л байх ёстой гэсэн аминчхан бодол тээж, олны харцнаас охиноо далд байлгахыг хичээдэг болсон юм даа.