УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас цөөн асуултад хариулт авлаа
-Ерөнхийлөгч үргүй зардлаа танаад, аж үйлдвэрийн комбинат байгуулъя гэж ярьсан. Энэ саналыг та дэмжих үү?
-Би энэ асуудалд Дархан-Уул аймгийг онцгой анхаарах ёстой гэж боддог. Социализмын үед бүхэл бүтэн хот аж үйлдвэрийн парктай байж чадсан. Энэ төсөл бол Дархан хотын төсөл байсан юм. Тэнд бэлэн аж үйлдвэрийн парк нь байна. Төмөр зам, эрчим хүч, засмал зам, хүн ам, шинжлэх ухааны үндэслэлтэй орд,баялаг нөөц, хуучин үйлдвэрийн сууриуд, ажиллаж байсан ахмад боловсон хүчин гээд бүгд бэлэн. Дархан хотыг аж үйлдвэрийн хот болгон хөгжүүлэх хамгийн таатай бэлэн төсөл юм. Дахиж эзгүй газар ус, тог, зам татах шаардлагагүй. Дархан хотод бодлогын хөрөнгө оруулалт хийж, хүн амыг нь бодлогоор нэмэх, төрийн байгууллагууд, их, дээд сургуулиудыг нүүлгэх зэрэг ажлуудыг хийж чадвал бид аж үйлдвэрийн парктай болно. Түүнийг дагаад хөнгөн хүнсний үйлдвэрүүд сэргэж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл эрс багасна. Эрдэнэт хотыг ч мөн ялгаагүй яг энэ жишгээр хөгжүүлэх хэрэгтэй. Дархан, Эрдэнэт хоёрыг хотын статуст өгч, эдийн засгийн бие даасан чөлөөт бүс рүү оруулж, хөрөнгө оруулалт болон хүн амьдрах таатай боломжыг нь гаргах бодлого барих ёстой. Эрдэнэт, Дарханыг эдийн засгийн хувьд бие даасан эрх мэдэлтэй болгох, төсөв орлогоо өөрөө бүрдүүлдэг болгох зэрэгт анхаарч, бие даасан хот болгох ёстой гэж боддог.
Гэтэл Дархан хот эрчим хүч, дэд бүтцийнхээ зөвхөн 50-60 орчим хувийг ашиглаж 40-50 орчим хувийг нөөцөлж байна. Энэ хоёр хот руу бодлогын хөрөнгө оруулалт хийж, төрийн албыг нүүлгэх ажлыг хийвэл Ерөнхийлөгчийн яриад байгаа тэр санал хэрэгжинэ. Түүнээс биш говийн бүсэд шинээр аж үйлдвэрийн парк байгуулна гэдэгт би эргэлздэг.
-Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар ямар ахиц дэвшил гарах вэ?
-Ахиц дэвшил гэхээс илүү энэ салбарын тогтвортой байдлыг хангасан хууль болсон. Ямар нэгэн мөнгө нэмэгдээгүй. Хэрвээ 2019 оноос энэ хууль хэрэгжиж эхэлбэл, цалин тэтгэвэр, тэтгэмж унах байсныг л зогсоосон хууль болсон. УИХ өмнөх алдаагаа залруулсан хэрэг. Тэтгэвэрт гарахдаа долоон жил ажилласны дунджаар тэтгэвэр тогтоолгодог байсныг таван жил болгож байгаа юм. Энэ өөрчлөлтөөр маш их тэтгэврийн зөрүү гарна.
-Хүсэлт гаргасан хүүхэд бүр хүүхдийн мөнгө авна гэдгийг та дэмжиж байгаа юу?
-Хүсэлт гаргасан нь аваад л явах ёстой.
-Энэ жилийн төсөвт хөрөнгө оруулалтын ажлууд их туссан гэж байна. Хөрөнгө оруулалтын ажил он дамнах тохиолдол байдаг учраас магадгүй энэ нь дараагийн засгийн газарт дарамт болж магадгүй гэж ярьж байна? Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Дарамт болохгүй. Энэ удаагийн онцлог нь урт хугацааны хөрөнгө оруулалтууд бүгд хязгаарлалттай, их хэмжээний концессууд байхгүй. Зөвхөн тойргийн хэмжээний жижиг хөрөнгө оруулалтуудыг хийж, тэдгээр нь хугацаандаа дуусах хэмжээний хөрөнгө оруулалтууд явж байгаа. Ер нь урт хугацааны хөрөнгө оруулалт байхгүй гэж ойлгож болно. Төсөв орлогынхоо хэмжээнд л зарлага гаргахаар байгаа. Алдагдлаа дээд хэмжээгээр багасгасан. Монгол Улс олж байгаа орлогоосоо дандаа илүү зарцуулдаг. Жилдээ нэг тэрбум орчим долларын алдагдалтай байдаг. Энэ байдал он дамжиж явсаар сүүлийн хориод жил Монгол Улсын өрийн хэмжээ өндөр болоод байгаа юм.