Гадаад паспортын сунгалт болон онлайн захиалгын талаар Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа.
-Ирэх сараас эхлэн 10 жилийн хугацаатай гадаад паспорт олгоно гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны зургадугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн дөрвөн багц хууль батлагдсан. Эдгээр хуулийг ирэх сарын 01-нээс хэрэгжүүлэхээр тогтсон байгаа. Иргэний бүртгэлийн багц хуульд иргэдэд олгох үндэсний энгийн гадаад паспортыг 16 наснаас дээш иргэдэд 10 жил, Харин доош насныханд таван жилийн хугацаатай олгохоор заасан.
-Бүрдүүлэх материалд өөрчлөлт орсон уу. Үнийн хувьд ямар байх вэ?
-Бүрдүүлэх материалд өөрчлөлт ороогүй. Ерөнхийдөө иргэний бүртгэлийн шинэ хуулиар иргэн төрөөс үйлчилгээг авахад төр өөрт байгаа мэдээллээ шаардахгүй, зөвхөн хуульд заасан бүрдүүлэх материалуудыг авна. Тухайлбал, лавлагаа, нэмэлт мэдээлэл гэх мэт зүйлийг шаардахгүй. Тухайн иргэн гадаад паспорт захиалахдаа иргэний үнэмлэх, гурван хувь цээж зураг, төлбөр төлсөн баримтайгаа ирэх ёстой. Харин 16-гаас доош насныхан гадаад паспорт захиалахыг хүсвэл асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, цээж зураг, төлбөр төлсөн баримт авч ирэх шаардлагатай. Үнийн хувьд өөрчлөлт орохгүй. Өмнө нь 32800 төгрөгөөр авдаг байсан энэ хэвээрээ байгаа.
-Иргэд хаанаас гадаад паспортоо захиалж авах вэ?
-Шинэ хуулиар 10 гаруй бүртгэлийг харьяалал харгалзахгүй бүртгэж байгаа. Тухайлбал, төрсний, гэрлэсний, гэр бүл цуцлалтын, биеийн давхцахгүй өгөгдлийн, гадаад паспортын бүртгэл орсон бол харьяалал харгалзахгүй авч болно. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн харьяалалтай иргэн Улаанбаатар хотын аль ч дүүргийн иргэний бүртгэлээс эдгээр үйлчилгээг авах боломжтой гэсэн үг.
-Өмнө нь авсан, хугацаа нь дуусаагүй паспортоо яах вэ?
-2011 оны арваннэгдүгээр сарын 01-нээс өмнө авчихсан гадаад паспорт хүчин төгөлдөр байгаа. Гадаадын орнуудад зорчих, виз мэдүүлэх хүчинтэй хэвээр гэсэн үг. Хугацаа нь дуусахаар шинээр захиалах боломжтой.
-Гадаад паспортыг цахим болгоно гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ. Иргэд хэзээ цахим гадаад паспорттай болох вэ?
-Засгийн газраас иргэддээ цахим гадаад паспорт олгох бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Хууль зүй дотоод хэргийн яаманд цахим гадаад паспортын ажлын хэсэг гараад бэлтгэл ажлыг нь хангаад явж байна. 2019 оноос цахим гадаад паспортыг иргэдэд олгож эхэлнэ. Ингэснээр иргэд гадаад орны хилээр түргэн шуурхай, ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй нэвтрэх, баримт бичгийн аюулгүй байдлыг хангах, хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс зайлсхийх ихээхэн ач холбогдолтой.
М.Лхамсүрэн