Соошлоор ийм нэгэн бичлэг цацагдаж байсан юм. Хуурамч ажлын байр үүсгээд хүмүүсээс асуулт асууж эхэлдэг. “Манай ажил хийхэд их хэцүү. Цаг нар, цалин хөлс, амралтын өдөр ч гэж байхгүй, олон төрлийн мэргэжил эзэмшсэн байх шаардлагатай. Та ажиллаж чадах уу” гэж асуудаг. Энэ бүгдийг сонссоны дараа бүгд гайхан “ийм ажил байдаг юм уу. Үгүй байлгүй дээ, арай ч дээ” хэмээн уулга алддаг. Энэ бүхнийг зохион байгуулсан хүн “Тийм ээ. Ийм ажил байдаг. Үүнийг ганц л хүн хийж чаддаг. Тэр бол ээж” хэмээн хэлдэг. Энэхүү бичлэгийг үзэж байхад олон зүйл бодогдож билээ. Ээж гэдэг хүн хийсэн зүйлийнхээ төлөө хэзээ ч бусдаас хариу нэхдэггүй.
Зовсон, баярласан, гомдсон, гутарсан үед дандаа хажууд минь байдаг. Үр хүүхдээ тээх, төрүүлэх, өсгөх бүхий л хугацаанд санаа зовж, анхаарал хандуулна. Энэ бүгдийг мэддэг хэрнээ яагаад ч юм ээждээ муухай ааш гаргаж, хэрэлдэж, загнадаг. Хайртай шүү гэж хэлж, халуун дулаанаар нэг ч удаа тэвэрч байгаагүй. Өөрийгөө муу хүүхэд гэж бодсон мөртлөө ээжийгээ зовоодог. Ээж минь надад гомдож байгааг мэдэж байгаа ч ээжийгээ гомдоосоор л. Энэ хүн байхгүй болчихвол гэж бодох төдийд л нулимс урсаж, хоолой зангирдаг. Надад юу ч тохиолдсон миний хажууд байдаг ганц хүн бол миний ээж. Миний хүссэн бүхнийг биелүүлдэг бурхан минь.
Би таныгаа миний төлөө яаж зовж, шаналж байсныг хэзээ нэгэн цагт ойлгох байх. Магадгүй өөрөө ээж болж байж ухаарах биз. Амьнаасаа унагасан амь би шүү дээ ээж ээ. Тиймээс ээжээ та надад зовж, шаналж байвал хэлж байгаарай. Үр тань юм ойлгодог болсон. Өвдөж байвал хэлээрэй. Ядаж эмнэлэгт дагуулаад очно. Ганцаардаж, сэтгэлээ онгойлгомоор байвал охиндоо бас хэлээрэй. Хажууд чинь хань болоод сууж чадна. Өөр хэн нэгнийг царайчлах хэрэггүй. Хан хорвоод нэрийг тань дуурсгах, хазайх үед тань тэврэн авах гурван сайхан үртэй хүн шүү ижий минь та.