Энэ сард цаг агаар ямар байх талаар ЦУОШГ-ын цаг уурч Х.Ахмед-Алигаас тодрууллаа.
-Энэ сард цаг агаар ямар байх вэ?
-Энэ сард уур амьсгалын дунджаар ямар байх талаар эхлээд танилцуулъя. Агаарын температурын хувьд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18, Алтайн өвөрговь болон говийн аймгуудын нутгаар 2-7, бусад нутгаар 7-13 градусын хүйтэн байдаг. Энэ сарын хувьд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх нутаг, Завхан аймгийн баруун, Баянхонгорын өмнөд талаар олон жилийн дунджаас 0.5-1 градусаар дулаан байна. Харин Хөвсгөлийн зүүн, Архангайн болон Төвийн хойд тал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас хүйтэрнэ. Харин бусад нутгаар уур амьсгалын дундаж хэмтэй байна.
-Хур тунадас хэр орох бол?
-Хур тунадасны хувьд уур амьсгалын дунджаар Увсын ихэнх Завханы хойд хэсэг, Ховдын өмнөд талаар 7-11 мм-ийн тунадас ордог. Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнодын ихэнх нутгаар, харин Хэнтийн хойд тал, Архангайн өмнөд талаар олон жилийн дунджаар 4-7 мм бусад нутгаар 1-4 мм-ийн хур тунадас ордог. Энэ сард Хөвсгөлийн ихэнхи нутгаар, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнодын ихэнх нутгаар, Завхан, Архангай, Өвөрхангайн хойд тал, Хэнтий, Сүхбаатарын хойд талаар, харин Говь-алтай, Баянхонгорын өмнө, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно. Харин Ховд, Говь-Gлтай, Дорноговийн ихэнх нутаг, Дундговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага бусад нутгаар олон жилийн дундаж орчим хур тунадас орох төлөвтэй байна.
-Иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх хэмжээнд хүйтрэхгүй гэсэн үг үү?
-Энэ сарын эхний 10 хоногийн байдлаар төв болон зүүн зүгийн нутгаар, 07-нд төвийн баруун болон хойд талаар, 8-нд төв, зүүн зүгийн нутгаар, говийн хойд хэсгээр цас орж хүйтрэх үед салхи зарим газраар түр зуур 16-18 м/сек хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байгаа. Хоёрдугаар 10 хоногийн ихээр нутгийн зарим газраар, дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар 10 хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй.
-Ойролцоогоор өдөртөө, шөнөдөө хэдэн хэмтэй вэ?
-Агаарын температурын хувьд дунд үеэс хүйтний эрч бага зэрэг чангарна. Гуравдугаар 10 хоногийн дунд үеийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгууд болон Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Харин Алтайн Өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд бүс нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8 градусын хүйтэн бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 10-15 градусын хүйтэн байх төлөвтэй байна.