Өнгөрөгч долдугаар сараас хойш хоолой хэсэг газраа хүчтэй загатнаж ханиалгадаг зовиуртай болов. Мэргэжлийн эмнэлэг, эмчээр яваад ч онош тодрохгүй олон эмнэлгийн хаалга татсаны дүнд “хуурайшилтаас шалтгаалсан салстын үрэвсэл” гэсэн онош сонсдог юм байна. Ямар ч эм тан хэрэглээд зүгээр болохгүй бөгөөд ажиллаж буй орчноо солихгүй бол зовиураасаа салахгүй гэсэн эмчийн дүгнэлт гарчээ. Эмч “Та шавар шохой, цемент ихтэй газарт ажилладаг уу” хэмээлээ. Мэргэжил маань өөр ч ажлын байр 100 айлд байрладаг гэдгийг хэлэхэд эмч “Тэгж л таарна. Таны адил зовиуртай хүмүүс дандаа барилгын салбарт ажилладаг. Эсвэл 100 айл орчимд амьдардаг хүмүүс байгаа” хэмээлээ. Эндээс л хотын төвдөө барилгын захаа байрлуулж, цемент шохой үйлдвэрлэж зардаг манай улсын дампуу бодлого ямар олон хүний эрүүл мэндээр тоглож буйг ойлгож билээ. Манай сонин өмнө нь “100 айлын 100 зовлон” гэх сурвалжилга бэлтгэж уншигчиддаа хүргэж байлаа. Барилгын захыг хотоос гаргана гэсэн Үүл даргын амлалтаас хойш нэг сонгуулийн цикл эргэж, нэг нам эрх бариад дуусах дөхөж байхад 100 айлыг тойрсон 100, 100 зовлон яг л хэвээрээ үргэлжилж байгааг хөндөж байв.
Тиймдээ ч бүрэн эрхийн хугацаа нь талаас өнгөрчихөөд байгаа энэ цагт МАН-ынхан 100 айлыг нүүлгэх талаар ямар ажил хийж буйг ухаж үзлээ. Чамлахааргүй ажил хийжээ, тэд. Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол өнгөрөгч хоёрдугаар сард албан ёсоор гарч, Иргэдийн хурлаас томилсон ажлын хэсэг 100 айлыг нүүлгэх, орчныг тохижуулах ажлыг хийж эхэлсэн байгаа юм. Ажлыг нийт гурван үе шаттай гэж үзвэл нэгдүгээр шатны ажлынхаа ард гарчихсан гэсэн үг. Тодруулбал, 100 айл орчим үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг 4000 гаруй аж ахуйн нэгж, иргэдтэй ажлын хэсгийнхэн уулзаж, ямар гарц шийдэл байгаа талаар ярилцсан байгаа юм. Ингэсний үр дүнд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх цемент, шилэн хөвөн зэргийг үйлдвэрлэдэг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, өөр газарт шилжүүлжээ. Мөн орчны зам талбайг цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг шат дараатай хийсний үр дүнд ил задгай худалдаа эрхэлж байсан иргэдийн асуудлыг цэгцэлж чадсан нь олзуурхууштай.
Ингэснээр 100 айл орчимд байрлах сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн орчин нөхцөл сайжирч, хүүхдүүд сургуульдаа очихдоо зэрэгцүүлж тавьсан төмөр, цемент шохой, шилэн хөвөн дээгүүр харайхгүй болжээ. Энэ бүсэд амьдардаг хүүхдүүдийн цусанд эмнэлгийн байгууллага шинжилгээ хийж үзэхэд хүнд металлын агууламж хүлцэх хэмжээнээс хэд дахин өндөр гарсан байгаа юм. Яг л миний адил харшилтай, өвчинтэй хүмүүс ч нэмэгдэж байгааг мэргэжлийн эмч хэлж байлаа. 100 айлыг цэгцлэх НИТХ-ын шийдвэр шат дараатай хэрэгжиж гэмээнэ гудамжинд байрлах ил худалдааг цэгцэлж, зөвхөн барилгын томоохон захуудад хэрэгцээтэй бараа, материал худалдах юм билээ. Харин цемент, чулуу, шилний үйлдвэрүүд хотын захад эхнээсээ газар эзэмшин үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Ажлыг судалгаа, тооцоотой хийвэл элдвийн эсэргүүцэлгүй нүүлгэж, бас эмх цэгцтэй шийдэж болдог л юм байна. Уншигч та санаж буй бол Да хүрээ захыг хотын төвөөс гаргах гэж хэдэн зуун га газарт машины худалдааны зах барьсан ч ченжүүд тэмцсээр энэ хүрсэн. Өнөө хэр нүүлгэх шийдвэр бодит ажил болж чадахгүй, машины худалдааны захад баячуудын хүүхдүүд дрифт эргэж “нааддаг” болсон. Харин ченжүүд нөгөөх л Шар хадны эцэстээ овоорсон хэвээр байгаа. Харин 100 айлын худалдаа эрхлэгчидтэй төр ойлголцож чадсан учраас эхнээсээ Налайх руу бууриа засаж, бүр үйлдвэрээ нээчихсэн ажиллаж байгаа сураг дуулдав. Налайх хэмээн тодотгосны учир нь 2017 оноос эхлэн Налайх дүүрэгт үйлдвэр, технологийн парк байгуулах ажил эрчимтэй хэрэгжиж буй бөгөөд НИТХ болон салбар яамнаас парк барих ажлыг тууштай дэмжиж ирэх онд дэд бүтцийг шийдэх төсвийг шийдэж өгсөн байх юм.
Тэд ажлаа мэддэг л юм байна. Ирэх онд Чойрын замаас үйлдвэр, технологийн парк хүртэлх авто замын ажлыг эхлүүлэхээр эхний ээлжинд шаардлагатай 1.8 тэрбум төгрөгийг шийдэж өгөхөөр болсон сайхан мэдээг дуулгая. Өөрөөр хэлбэл, төрөөс цахилгаан болон автозамыг нь бүрэн шийдээд өгчихнө. Үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн том дэмжлэг болно. Тиймдээ ч 100 айлаас нүүсэн 20 гаруй үйлдвэр гэхэд л тэнд үйл ажиллагаа явуулахаар болж, газраа 10-15 жилийн хугацаатай түрээсэлж эхэлжээ. Харин эдгээр үйлдвэрүүдийн чөлөөлсөн талбайд нийтийн эзэмшлийн авто зогсоол барихаар зураг төсөл гарчихсан байгаа гэнэ. НИТХ-аас гарсан энэхүү шийдвэр болон, ажлын хэсгийг элдвийн улстөржилтгүйгээр ажлыг нь хийлгэж гэмээнэ жил гаруйн дараа л 100 айлын 100 зовлонг цэгцэлж чадах бололтой шүү. Энд ажилладаг, амьдардаг гэдгээсээ болж эрүүл мэндээрээ хохирч, өдөр бүр хүнд металлын хороор хордож буй иргэдийн магнай тэнийх бизээ.