ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үлгэрийн мэт хүүхэд нас минь

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-16

Үргэлж инээж, эрхэлж, дэгдэж явах жаахан охиноо хараад тэртээх он жилүүдэд үлдсэн гэрэлт насаа үгүйлэн санана. Нэгэн цагт би ч бас энгэрт минь зүүгдэн эрхлэх энэ жаахан амьтан шиг үргэлж инээд алдан дэрвэж, эмээгээсээ эсвэл ээжээсээ зүүгдээстэй явдагсан. Үнээ мал мөөрөлдөж, сүү самрах чимээнээр сэрэх үлгэрийн өглөө, голын тохойд ангир нургиж, хот айлын хүүхдүүд хаа нэг хашгичилдан наадах уянгатай үдшүүдийг одоо шимширтлээ санана. Гэвч эрхэлж дэгдэж асан би өөрөө ээж болж, эмээ минь энэ орчлонд үгүй болжээ. Орчлонд өглөө бүхэн үлгэрийнх шиг байдаггүй, үдэш бүхэн уянгатай, намуухан байдаггүйг мэдлээ. 

Дахиад нэг “харанхуй боллоо, гэртээ ор” гэж ахин дахин дуудуулж, сайхан өрсөн тоглоомдоо хоргодон гэрийн зүг дурамжхан гэлдрэх сэн. Өрсөн тоглоомоо саахалтын жаалаас харамлан бодохдоо нойр хулжин хөрвөөж, “унт” гэж загнуулахсан. Айлын хүүхдүүдтэй голд тоглож, жараахай шүүх тухай товлон бодож, маргааш хурдан болоосой гэж мөрөөдсөөр дуг нойронд автахсан. Ээж шиг хөөрхөн, айлын эгч шиг өндөр болохсон гэж мөрөөдөхдөө сэмхэн уруулын будгийг нь авч гараад, хамт тоглодог охиддоо гайхуулан, ханатлаа нэг будахсан. Хэн юу гэхээс айлгүйгээр уруулын будгаар нүүрэндээ элдэв дүрс зуран, хөгжилдөхсөн. Өглөөнөөс үдэш хүртэл тоглоод ээжийгээ хараад өлссөнөө санахсан. Эргээд нэг л удаа таван насандаа очихсон. Үлгэр шиг яруу амьдрал гэж байдаг бол хүүхэд нас юм байна. Эргэлзэхгүй, болгоомжлохгүй, санаа зовохгүй, эрх дураараа... Хүүхэд насныхаа нэг л өдрийг зээлэх сэн.