ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХҮҮГЭЭ САНАХАД

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-11-29

Аав нь хүүгийнхээ амралтыг эхлэхээр өөрийн чинь хүсэлтээр хөдөө явууллаа шүү. Агаар салхинд гараад цээж дүүрэн амьсгалаад ир, миний хүү. Тоглодог найз нартайгаа уулзаад шавайгаа ханатал наадаад ир, аавын үр. Төрсөн гэртээ очоод, өсгөсөн өвөө, эмээдээ үнсүүлээд ир, миний хүү. Эрдэнэ зуугийнхаа барааг алсаас ч болох нь ээ хараад хийморь лүндаагаа сэргээгээд ав, эр хүн минь. Өдий насандаа үзэж болох жаргалын дээд л энэ шүү дээ. Хожим сайхан дурсамж болог.

Хүүгээ байхгүйд аав ээж хоёр нь эл хуль оргиод, ээжтэй чинь ярих юм ховордож, байн байн бал, үзэг, дэвтрийг чинь янзлаад, тараасан тоглоомыг чинь хумиад, нэг үгээр хэлбэл аль хэдийнэ санаад эхэлчихсэн сууна. Шивэртүүлээд хаясан оймсыг чинь үнэрлээд, ширүүн ширүүн хөгжилтэй яриаг чинь санаад л галзуу хүн шиг ганцаар инээгээд сууж байна. Бас сонин сонин өнгөөр дуулдаг хачин хачин дуу чинь сэтгэлийн чихнээ сонсогдоод, загнуулчихаад байхдаа хардаг нулимс гүймэгхэн харц чинь нүднээ харагдаад байна.

Цаг руу бас хялам хийгээд, очих цагийг чинь тоолоод сууж байна, аав нь. Суусан тэрэгний чинь дугуй бүү хагараасай, жолооч нь бүү үүрэглээсэй, аятай тухтай яваасай, алтан шар зам нь өлзийтэй байгаасай гээд залбираад л сууна. Замдаа бууж суухдаа хүүхэд юм чинь гэнэдээд машины хойгуур урдуур гүйх вий, замын хоол унд гэдэс гүзээнд нь зохихгүй байх вий гээд л санаа чилээж сууна аав нь. Гэхдээ зүгээрээ миний хүү аав нь муу юм бодож гай дуудаагүй, муухай юмыг түрүүлж санан барцдыг нь гөвшиж байгаа нь тэр.

Очоод миний хүү өвөө эмээдээ эрхлээрэй, үгэнд нь бас сайн ороорой. Өөрийнхөө дуртай ээзгийтэй бантангаа хийлгэж идээд, дугуйгаа унаж тоглоорой, энд үзэж чаддаггүй хүүхэлдэйн хэдэн сувгаа тааваараа үзээрэй. Хэрхэн эрхлүүлэхээ цаадуул чинь мэднэ. Найз нартайгаа боломжийнхоо хэрээр тоглоорой. Гэхдээ хашаа дамжиж гүйв, ойчоод тархи толгойгоо хөдөлгөчихөв. Мод чулуугаар наадав зай, өөрийгөө биш юм гэхэд өрөөлийн хүүхэд гэмтээв. Ганцаар гудмаар тэнэвзэй нохой хунар хэцүү шүү ТОМ ЗАЛУУ МИНЬ ээ.

Одоо миний хүү нэг үеэ бодвол томоо залуу болсон Олон юмыг ухаарах нас чинь хэдийнэ эхэлсэн. Үүнээс хойш орчлонгийн үнэн хойно яалтчгүй олон шалгуур, зовлон, гай бэрхшээл тойрохгүй дайрна. Харин аав, ээж нь араас чинь санаагаа чилээж чадахаас, тэврээд явдаг балчир настайнх шиг чинь нөмрөөд хамгаалж чадахгүй ээ. Тийм л том болсон шүү хүү минь чи. Тиймээс миний хүүгийн амьдралын алтан шар зам дардан, бие, хэл, сэтгэл нь дурдан байг. Бие чинь тээглээд унасан ч сэтгэл чинь босгоод ирэх хүчтэй, зөв явах ухаантай байг. Амар амгалан амьдралын эхлэл минь.