ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сайхан нөхдөө санаж л явна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-06

Сэтгэл ээдэрч, бодол тэнэсэн өдрүүдэд оюутан ахуйн хэдэн “галзуу” нөхдөө их санах юм. Өөрийнхөө дотор өөрөө төөрчихөөд зангирч суухдаа учир шалтгаан, үр дүнгийн тухай бодолд цаг гаргадаггүй, дэрвэж, хөөрч явсан өдрүүдээ үгүйлэх юм. Сэтгэл гэдэг тогтож, төлөвшдөггүй юм санжээ, найзууд минь.  Ивлэж ирээд, тогтож чадахгүй босон суун гэгэлзэх өдрүүд байхад, айвуу тайвуухан амьдралд уусаж, тогтуун дөлгөөн баймаар үе ч бишгүй л байх юм. Ийм л үед та нарыгаа их санах юм аа. Инээлдэж, хөөрөлдөж гүйсээн, их сургуулийнхаа гудамжаар. Хавар нь гэгэлзэж намар нь дүнсийж алхсан. Гэрээ санаад уйлж, хааяа гуниглаж, ихэнхдээ л инээж цуурч, дэрвэж явлаа.

Иймхэн гэгээн өдрүүдэд минь хамт инээж, хамт гуниглаж бас хамтдаа уйлж, хааяа бүтэлгүйтэж, “Сайхан”-д орж прошки идэнгээ хөвгүүд ярьж, охид гоочилж, удаан суулаа гэж “Сайхан”-ны эгчид аашлуулж, өөрийгөө тоосон аз жаргал дунд минь надтай учирсан хэдэн нөхдөө шимширтлээ санана. Оюутны жилүүд минь өнгөрсөн дотуур байрны хажуугаар өнгөрөх бүрт гэрээ санаад бие биеэ уруу татан уйлж, өөрийг нь танихгүй дээд ангийн ахад дурласан тухайгаа аминчлан ярьж, дуулсан дуундаа өөрөө уярдагийн үлгэрээр тэрүүхэндээ гуниглаж байсан гэнэн өдрүүд зурсхийн бодогдож, өөрийн мэдэлгүй инээвхийлэн алхана. Чанга инээлдэж, хөтлөлцөн гүйх хэдэн “аальгүй” охин байрны үүдээр гараад ирэх шиг санагдах... 

Хамтдаа өнгөрөөсөн оюутны байрны өдөр бүхэндээ, бүтэлгүйтэл бүхэндээ, ярьж суугаад уйлсан цагаахан гуниг бүхэндээ хайртай. Та нартаа хайртай...Оюутны гэгээн өдрүүд алсад даллан хоцорч, их амьдралын өнгө алаг өдрүүд угтсаар гурван он улирчээ, найзууд минь. Сураг авалцах төдий хол байгаа ч санаж л яваа шүү та нарыгаа.