ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Амарсайхан: Рентген туяаны шинжилгээ хорт хавдар үүсгэх эрсдэлтэй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-20

Рентген туяаны шинжилгээ хүний биед сөрөг нөлөөтэй бөгөөд хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг аж. Энэ талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс, оношилгооны төвийн их эмч Г.Амарсайханаас тодрууллаа. 

-Рентген туяаны шинжилгээг хүний биед сөрөг нөлөөтэй гэдэг. Ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар мэдээлэл өгөөч?

-Германы эрдэмтэн Рентген гэдэг хүн анх 1895 онд рентген туяаг нээсэн байдаг. Тэр үеийн эрдэмтэд энэ туяаг хүний биед маш сөрөг нөлөөтэйг нотолсон байдаг. Гэвч технологи, тоног төхөөрөмж хөгжихийн хэрээр дижитал системд шилжин хор нь багасч байна. Сөрөг нөлөө цөөн тоогоор рентген шинжилгээнд орж байгаа хүнд төдийлөн хамаатай биш юм. Харин олон удаагийн дамтамжтайгаар орвол сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Хүний нүдэнд үзэгдэхгүй, ямар нэг өнгө, үнэргүй учраас туяаны нөлөөлөлд өртөх магадлалтай байдаг. Рентген туяа хүний биед хамгийн түрүүнд эсийн метохондрт нөлөөлж, тэр нь гэмтсэнээр эсийн мутацид орж, улмаар хүний биед хавдар үүсгэх аюултай юм. 

-Хэр олон удаагийн давтамжтай орсноор хавдар үүсэх хэмжээний эрсдэлд хүрдэг юм бол. Дээд хэмжээ нь тэд байх ёстой гэсэн зааг байдаг уу? 

-Цацрагийн нөлөөнд хэт их ороод хордлоо гэхэд хүний биед багадаа 10-15 жилийн хугацаанд хорт хавдар үүсэх процесс явагдана. Эмчилгээний журмаар цөөн тохиолдолд рентген туяанд орж байгаа иргэдийн хувьд хорт хавдар болох хэмжээгээр хордоно гэж байхгүй. Харин байнгын рентген туяаны нөхцөлд ажилладаг эмч, мэргэжилтнүүд ийм хэмжээнд хүрэх магадлал өндөр байдаг. Гэхдээ байнга орохгүй учраас ямар ч сөрөг нөлөөгүй гэж ойлгож болохгүй. Хорт хавдар үүсэх хэмжээнд энгийн хүн хордохгүй гэсэн үг. Рентген туяа нь хүний биеийн булчирхайлаг эдийг гэмтээдэг. Ялангуяа эмэгтэйчүүдийн өндгөвч, хөхний булчирхай зэрэгт сөргөөр нөлөөлж, гэмтээх эрсдэл өндөр байдаг. Хавдрын тухайд ихэвчлэн арьсны хавдаруудыг үүсгэдэг. 

-Рентген туяаны шин­жил­гээнд ороход өвч­тө­нийг туяаны хорноос хамгаалах арга байдаг уу? 

-Байдаг. Рентген зураг авахдаа аль болох булчир­хай­нуудыг нь хамгаалах хэрэгтэй. Хүний биеийн булчирхайнуудыг хамгаалах тусгай хамгаалалт байдаг. Энэ хамгаалалтыг рентгенд орж байгаа өвчөн бүрт хийх ёстой ч хүрэлцээ муугаас үүдэн тэр бүр хийж чаддаггүй. Рентген туяаны харалт болон зураг нь хоёр өөр нөлөөтэй. Рентген харалт гэдэг нь рент­ген зургаас 10 дахин илүү тунгийн үйлчилгээтэй бай­даг. Сүүлийн үед олон ул­сад рентген харалтыг бараг хий­хээ больсон. Манай улсад л рент­ген харалтыг хийгээд бай­гаа юм. Өөрөөр хэлбэл, бид 10 дахин илүү хортой аргыг хэрэглэсээр байна гэсэн үг. 

-Туяанаас хордсон тохиол­долд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? 

-Рентген туяа өнгө, үнэр, амтгүй учраас хүний биед нөлөөлж байгааг шууд мэдэх боломжгүй. Туяаны нөлөөллийг хэмждэг тусгай багажаар хэмжиж, тухайн хүний биед рентген туяаны тун хэр ихэсч байна вэ гэдгийг мэдэх боломжтой. Мэргэжлийн эмч нар жилд дунджаар хамгийн ихдээ 20 миллсиверт тунг авч байвал хордох хэмжээнд хүрэхгүй гэж үздэг. Харин энгийн иргэдийн хувьд жилд таван миллсиверт тунг авдаг гэсэн судалгаа байдаг. Рентген туяа гэдэг зөвхөн эмнэлгийн нөхцөлд байдаг зүйл биш юм. Зурагт, компьютер, гар утаснаас гадна байгалиас цацраг туяаны нөлөөллийг авч байдаг. Нэг удаа рентген зураг авахуулахад 0.1 миллсиверт тунг авдаг бол компьютер томографид орвол 6-10 миллисиверт тунг авдаг. Өөрөөр хэлбэл, нэг удаа томографийн шинжилгээнд орохдоо хоёр жилийнхээ дээд тунг авчихаж байна гэсэн үг. Тиймээс зайлшгүй шаардлагагүй бол аль болох рентген туяаны шинжил­гээ­нээс татгалзах нь зүйтэй юм. 

-Онгоцоор нисэхэд маш их хэмжээний цацраг туяаны нөлөөлөлд ордог гэдэг юм билээ. Энэ мөн рентген туяатай адилхан нөлөөтэй юу? 

-Рентген туяатай яг адилхан сөрөг нөлөөтэй гэж ойлгож болно. 3300-гаас дээш фитийн өндөрт нисэхэд нэг цагт 0.005-0.01 миллисиверт тунг авч байдаг. Тэгэхээр олон цаг нисэх тусам цацраг туяаны тунг их авна.