БСШУС-ын яамнаас Ерөнхий боловсролын сургуулийн орчны стандартыг боловсруулан гаргажээ. Уг стандартын талаар БСШУС-ын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
-Сургуулийн орчны стандарт шинээр бий болж байгаа гэх юм. Стандарт батлагдсан уу. Ямар, ямар зүйлийг стандартчилсан бэ?
-1997 онд сургуулийн орчны стандарттай холбоотой бодлогын баримт бичгийг боловсруулж байсан ч эцэслэн батлагдаагүй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл сургуулийн орчны стандарт гэдэг зүйл байгаагүй гэсэн үг. Хот хөдөөгийн ялгаа ихсэх тусам, нийгэм хөгжихийн хэрээр тогтсон стандарттай байх шаардлага гарч байна. Үүний дагуу 2018 онд БСШУС-ын яамны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, гурван удаа ЕБС-иудад нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэнд “Сургуулийн орчны стандарт”-ыг боловсруулж дууслаа. Энд бид гурван төрлийн стандартыг боловсруулсан. Үүнд “Цэцэрлэг, ЕБС, дотуур байрны эрүүл ахуйн стандарт” гэж байгаа. Энэ стандартыг Эрүүл мэндийн яамтай хамтарч боловсруулан Стандарт хэмжилзүйн газарт хүргүүлж одоогоор эхний хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн явцад ЕБС болон дотуур байрны стандартыг салгаад, “ЕБС-ийн орчны аюулгүй байдлын стандарт”, “ЕБС-ийн дотуур байрны үйлчилгээний стандарт” гэж батлахаар хэлэлцэж байна. ЕБС-ийн орчны аюулгүй байдлын стандарт гэдэгт сургуулийн хашаа, хайс ямар байх ёстой, гэрэлтүүлэг, камержуулалт нь ямар байх вэ, гадаад орчин ямар байх зэргийг нарийн тусгасан. Харин дотуур байрны үйлчилгээний стандарт гэдэгт тухайн дотуур байр аюулгүй, эрсдэлгүй, айдас, дарамтгүй үйлчилгээг хүүхдэд хүргэхийн тулд ямар стандартыг мөрдөх ёстой вэ гэдгийг тусгасан. Бид уг стандартыг сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэн Стандарт хэмжилзүйн газарт хүргүүлсэн байгаа.
-Стандартыг хэзээнээс мөрдөж эхлэх вэ. Оноос өмнө батлагдах уу?
-Батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлнэ. Бид сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэн, бүх мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангачихсан. Шаардлагатай бичиг баримтууд бүрдсэн гэсэн үг. Удахгүй стандарт батлагдаж гарахад ЕБС-иуд гадна орчиндоо тохижилт хийх, ариун цэврийн өрөөгөө тохижуулах гэх мэт тохижилтын ажлуудад тавигдах нэгдсэн стандарттай болно гэсэн үг.
-Сургуулиудад нөхцөл байдлын үнэлгээ хийсэн гэлээ. Сургуулиудын орчны нөхцөл байдал ямар байна вэ?
-Бид ийм байх ёстой гэсэн шинэ шаардлага тавихаасаа илүүтэй одоо байгаа нөхцөл байдлаа яаж аюулгүй болгох вэ гэдэг талаас нь анхаарч, боловсруулсан. Мөн менежментийн асуудлуудыг нарийн зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, аюулгүй байхын тулд сургууль хэрхэн, яаж ажиллах ёстой вэ гэдэг зөвлөмжүүдийг тусгасан гэсэн үг. Одоогоор тогтсон стандарт гэж байхгүй учраас сургуулийн удирдлага, байршил зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалаад орчны нөхцөл байдал харилцан адилгүй байна.
-Сургуулийн орчны стандарт батлагдлаа гэхэд сургуулиуд хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдгийг ямар журмаар хянах вэ?
-Стандарт батлагдан гарсны дараа бид уг стандартыг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж гэж гаргахаар бэлэн болгоод байна. Өөрөөр хэлбэл энэ стандартыг хэрэгжүүлэхийн тулд гадна тохижилт, хашаа хайсны өндөр зэрэгт хэрхэн анхаарах, стандартыг хэрэгжүүлэхийн тулд яах вэ гэдгийг уг арга зүйн зөвлөмжид тодорхой зааж өгнө. Зөвхөн стандартыг батлаад орхих биш, менежментийн шаардлагыг тавьж өгсөн учраас тухайн сургуулийн удирдлага уг стандартын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ гэдгийг менежментийн шаардлага дотор тодорхой тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэх механизм, хяналт тавих механизмтай цогц стандарт болох юм.