-Сайд дарга нарын хамаатан садан, найз, нэг ангийн голдуухан ченжүүд жилд 40000 машин оруулж ирж байна. Түүний 08 хувь нь эмнэлэг, сургууль, онцгой байдлын зориулалттай-
Улаанбаатар хотыг мянга хүрэхгүй машинтай байхад (суудлын 215, ачааны 720 ) хотын төвийн Энх тайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, бусад гол гудамжуудыг барьж байгуулж билээ. Ж.Самбуу даргын хэлсэн гэдэг нэг онигоо байдаг юм. “Бидний хэдэн машин явахад ийм өргөн замын хэрэг юу байна. Зөрөөд л өнгөрвөл болоо биз дээ” гэсэн гэдэг. Одоо хотын төвийн тэр өргөн чөлөө, гудамж талбайнуудад өдөрт 350 мянган тээврийн хэрэгсэл сүлжиж байна. Улаанбаатар хот гэхэд л бараг хүнээсээ олон машинтай болсон. Машины импорт энэ янзаараа үргэлжилбэл, 10 жилийн дараа бид, хотын төвийн нэг км газрыг 3-4 цагт туулах юм гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, машин унахаасаа явган алхах нь хамаагүй хурдан болно.
Ийм байтал манай үе үеийн Их хурал, Засгийн газар, хотын удирдлагууд авто түгжрэлд огт анхаарал тавьсангүй, зүгээр л бие биенээ хуурч, өдөр хоногийг өнгөрөөсөн, өнгө будгийн зүйл хийж ирлээ. Зоримог шинэчлэл хийе гэтэл мэдлэг чадвартай боловсон хүчнүүдээ халаад хаячихсан, дарга сайд нарын цүнх барьж далдаганасан “Утсан хүүхэлдэйнүүд” зөвлөхтэй. Яаж урагшаа явах юм бэ?!
Улаанбаатар хотод “Да хүрээ” захаас эхлээд арваад том хашаа дүүрэн машин байна. Тэнд улс бүрийн хаягтай, шинэ хуучин янз бүрийн машин овоолоостой байгаа. Зарим машин нь зарагдалгүй хэдэн жилийн нүүр үзэж байгаа гэнэ. Тэгэхэд л жилд 40 мянган машин оруулж ирээд байгаа юм шүү дээ. Өдөрт 220 машин хил гаалиар орж ирж байна гэнэ. Түүний гоёл тансаглалын машинуудад нь 800 тэрбум төгрөг зардаг. Бараг нэг их наяд төгрөгөөр тансаг зэрэглэлийн машин оруулж ирээд байхад, Улаанбаатарын түгжрээ яаж арилах юм?! Хажуугаар нь сэлбэг нэрээр машиныг задалж оруулдаг моод дэлгэрсэн. Өнөөх сэлбэг гээд бараг л төлбөр хураамжгүй оруулсан машин нь Замын-Үүд өнгөрөөд л мөлхөж эхэлдэг. Ийм тогтолцоон дунд л манай сайд дарга нар, хотын хэдэн дарга маань түгжрэл бууруулна гээд зам дээр шар, цагаан, улаан, янз бүрийн зураас зурж, алаг мод гозолзуулаад байгаа юм даа.
Жилд орж ирж байгаа тэр олон машины нэлээд хувь нь тансаг хэрэглээнийх гэж хэлсэн. Одоо хотын баячуудын эхнэр нөхөр хоёр дөрвөн машинтай байна. Хоёр нь сондгой тоогоор төгссөн дугаартай, хоёр нь тэгш тоогоор төгссөн дугаартай, жийп голдуу машинууд. Журамлах болохтойгоо зэрэг тэр тансаг зэрэглэлийн машинуудад халдах аавын хүү бараг үгүй шүү дээ. Өнөөх л муусайн борчуулын эксел, приусуудыг ачиж, торгоно. Үүнд нь омогшсон баячууд замын цагдаа нарыг доромжилно, зодно. Тэгэхэд цагдаа хуулийн байгууллагын дарга нар цагдаагаа өмөөрөөд, зэрлэгт нь хатуу цээрлэл хүлээлгэхгүй, халзан толгойг нь илээд явуулна. “Мөнгө цагаан, нүд улаан” болсон. Замын хөдөлгөөн зөрчсөн, цагдааг зодсон, танхайрсан баячуудыг сайндаа л хэдэн төгрөгөөр торгоно. Өнөөх торгуулийн хэдэн төгрөгийг бараг л халааснаасаа гаргаж шидчихээд яваад өгнө. Даанч дээ!!
Замын уулзварын цагдаатай газарт хамгийн их түгжирдэг, аваар осол гардаг гэсэн яриа сүүлийн үед дэлгэрлээ. Ногоон, улаан гэрэл нь зохицуулж байхад хажуугаар нь хоёр гурван цагдаа зогсчихоод, тал тал тийш нь зааж самууруулах хэрэг байгаа юм уу. Цагдаа нь олон жийптэй юм уу, танил талынхаа машиныг урьтаж явуулдаг гэсэн яриа ч жолооч нарын дунд байх л юм. Магадгүй л юм даа. Харсаар байтал хамгийн их түгжрэлтэй урсгалыг нь хэдэн ногоон гэрэл өнгөртөл зогсоочих цагдаа нар таардаг.
Миний бодлоор бол замын гэрлэн дохиотой уулзварт цагдаа зогсоод зохицуулах биш, ойрхон хяналт тавьж л байвал болоо биш үү.
Хотын удирдлагууд түгжрэлийг бууруулах нэрээр мөн ч их төсөв хөрөнгө үрж, үргүй зардал гаргасан даа. Тэр нь хотын хөгжилд нэмэр болохоосоо голдуу л хувийн эздийн халаасыг түнтийлгэсэн байдаг. Машин ачих компаниудын эзэд голдуухан дарга сайдуудын далд бизнесийнхэн. Машиныг унтаж байгаа хүүхэдтэй нь өргөөд явчихад хариуцлага тооцдог эзэнгүй. Эмнэлгийн гадна талбайгүй болсноос, үхлүүт хүнээ авчирсан машиныг нь ачиж аваад явчихдаг. Мөнгө л олж байвал хэний машиныг ачиж, хэнийг хохироох нь ачигчдад падлийгүй. Ийм л харгис хатуу нийгэм болчихлоо. Дугаарын хязгаарлалт, машингүй өдөр, баруун гараар чөлөөтэй эргэх, зүүн гар тийш эргэхийг хориглох, нэгдүгээр эгнээг чөлөөлөх, нийтийн тээврийн зам маршрутыг байн байн өөрчлөх, автобусны буудлуудыг дахин дахин өөрчлөх, буудлын дэргэдэх ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх, бараа түгээлтийн машинуудыг өдрийн цагаар явуулахгүй байх ... гэхчлэн асар их ажлын дүр эсгэдэг ч замын түгжрэл багассангүй, өдөр хоног өнгөрөх тутам түгжрэл нэмэгдсээр л байгаа.
Бүр сүүлдээ, Улаанбаатар хот метротой болтол замын түгжрэл арилахгүй гэж айлдах боллоо. “Метро” гэсэн ном бий. Эрхэм мэргэд минь түүнийг уншаарай. Орос , Англи, АНУ-ын метронуудыг ямар хүн хүч, хэдий хөрөнгөөр, хэдэн жилийн дотор барьж байгуулсныг маш нарийн тооцоо судалгаатай бичсэн байгаа. Өнөөгийн Улаанбаатарт, арай ч Э.Бат-Үүл, Су.Батболд хоёрын хийчихдэг ажил биш юм билээ. Хийрхэхэд хэмжээ бий шүү дээ. Баатар Э.Бат-Үүл маань “Нийслэлийн 18 км метрог сонгуулийн өмнө барьж байгуулаад, түлхүүрийг нь гардуулж өгчихөөд явна” гэж байсансан. Ядаж л авдрандаа арван тэрбум ам.доллартай болоод ингэж яриасай. Улаанбаатар хот метротой болж байж замын түгжрэлээ бууруулахыг би л лав үзэхгүй. Э.Бат-Үүл урт насалж удаан жаргавал үзэж магад. Энэ бурангуй тогтолцоо устсаны дараа хойч үеийнхэн маань үзнэ л дээ.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, ядаж л өнөөдрийн түвшинд барьж байх талаар мэргэжлийн хүмүүсийн санаа бодолд тулгуурлан хэдэн зүйлийг сонордуулъя.
-Юуны өмнө суудлын автомашин, тэр дундаа тансаг зэрэглэлийн машины импортыг таван жилээс доошгүй хугацаагаар хориглоё. Нууц аргаар машин оруулж ирсэн, зөвшөөрсөн эрх мэдэлтнүүдэд хатуу хариуцлага тооцъё гэнэ.
-Улаанбаатар хот дахь автомашины бүх зогсоолыг төлбөргүй, харуул хамгаалалтгүй болгох. Өнөөдрийн байдлаар байгууллага болгон хэсэг газрыг хашаалж, төлбөртэй зогсоол болгоод, асар их сул зай завсар бий болгож байгааг болиулъя. Машины сэгээ хүртэл тэнд хадгалж байгаа.
-Хотын замын түгжрэлд зохих ёсоор нөлөөлж байгаа хууль журам зөрчсөн машинуудыг ачих эрхийг төрийн байгууллага, тэр дундаа замын цагдаагийн гарт төвлөрүүлэх, орсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлж байя гэх. Хэт замбараагүй, зөвхөн цөөн хэдэн хүний хувийн ашиг сонирхолд нийцсэн машин ачих үйл ажиллагаа нь замын түгжрэлийг бууруулах нэрийн доор жолооч, иргэдийг бухимдуулах тал нь давамгайлах боллоо.
-Замын түгжрэлийг бууруулахад гол нөлөөлөх зүйл нь нийслэлийн төв хэсгийн зам гүүр. Замын цагдаагийн газар бол нийслэлийн ямар замд их ачаалалтай байна гэдгийг маш нарийн судлаад, бүтээн байгуулалтаа энэ үндсэн зарчимд суурилж хэрэгжүүлэх учиртай. Жишээ нь, замын цагдаагийн газар, их тэнгэрийн орд харш руу шинэ зам, гүүр барих шаардлагатай байна уу, зүүн дөрвөн замын тэр их ачаалалтай газар зам гүүр барих шаардлагатай байна уу гэдгийг урьдчилан судлаад ашигтай талыг нь сонгох хэрэгтэй байсан гэнэ.
-Замын цагдааг тогтвор суурьшилтай ажиллуулъя, цалин хангамжийг нь нэмэгдүүлье, арваас дээш жил зам дээр зогссон цагдааг ам бүлийг нь харгалзан шинэ орон сууцаар хангаж байя, замын цагдаа хүн ажил үүргээ гүйцэтгэж яваад золгүй байдлаар амь үрэгдсэн бол цалинг нь эхнэр хүүхдэд нь юм уу, гэрлээгүй бол аав ээжид нь насан туршид нь олгож байя гэсэн саналууд гарч байна.
-Дэндүү амиа бодсон харалган явдлуудыг “хотын түгжрэлийг бууруулах” далавчин доор хийх боллоо. Хотын захиргааг 97 тэрбум төгрөгөөр нүүлгэнэ, түүний 17 тэрбумыг 2019 оны төсөвт суулгасан гэнэ. Яасан тоглож ханадаггүй толгой, үрж барагддаггүй хөрөнгө вэ? Хангарьд ордноос эхлээд, хотын захиргааны хэдэн барилгад мөнгөтэй хүмүүс шунаад байгаа гэсэн. Нийслэлийн төв хэсгийн хэдэн газар , хотын захиргааны орд харшуудыг тэдэнд “ бэлэглэх” нууц ажиллагаа явагдаж байна” гэсэн яриа нэлээд хэдэн жилийн өмнөөс чих дэлссэн. Үнэн л байдаг юм байна. Удирдлагаа хотын зах руу шахаад гаргачихсан, улсын нийслэл байтугай томоохон ямарч хот дэлхийд байдаггүй юм. Их хотын нэг онцлог нь удирдлагаа хот дотроо, иргэддээ хамгийн ойр дөт, унаа хөсөгний хамгийн элбэг тохиромжтой нөхцөлд байрлуулсан байдаг. Тэгтэл манай хотын дарга нар нийслэлийнхээ засаг захиргааг Яармагийн урд руу Арцат, Нүхтийн ам тийшээгээ аваачих юм гэнэ. Бага-нуур, Багахангай, Налайх, Гачуурт, Тэрэлжийнхэн хичнээн автобус дамжиж хотын захиргаандаа ирэх болж байна. Хэдэн цаг явж, өдрийнхөө ажлыг бүтээх болж байна? Хотын захиргааны хамаарлын олон мянган хүн өөр өөрсдийнхөө ажлын ойролцоо орон байртай, хүүхдүүдээ тухайн тойргийн сургууль цэцэрлэгүүдэд явуулдаг гэхчлэн олон жил амьдарсан нутаг газраасаа хагацаж Яармаг руу, уулын мухар руу нүүх болж байна уу? Хотын төвөөс Яармаг руу явах унаа хэрэгтэй болно. Бололцоотой нэг нь машин худалдаж авна. Бололцоогүй зарим нь автобусанд чихэлдэнэ. Хотын шинэ захиргааны байрлал хүртэл маршрут нэмэж, хичнээн автобус явах вэ? Одоо ачааллаа даахгүй байгаа Нисэх, Яармагийн зам ямар өрөвдмөөр болох бол? Хотын түгжрэл яавч буурахгүй улам нэмэгдэнэ. Одоогийн хотын захиргаа байрлаж байгаа байруудад бас л хүн ажиллана. Урдахаасаа олон уу гэхээс цөөрөхгүй. Ингээд бодохоор хотын захиргааг нүүлгэж байгаа нь цөөн хэдэн хүний ашиг сонирхолд нийцсэн бөөн бужигнаан, төвлөрлийг саарууулах, утааг бууруулахад ямарч ач холбогдолгүй зүйл юм.
-Хүмүүс хотын захиргааг нүүлгэж байгаа, олон улсын нисэх онгоцны буудлыг хотоос ирж очихын 120-130км, эзгүй талд аваачин байгуулж байгаа зэргийг Төв аймгийн хэдэн хүн, “Нийслэлийг аймаг руугаа ойртуулах гэсэн далд зорилготой юм” гэж тайлбарладаг. Олон түмний санаа бодлоос зөрсөн ийм үйлдлүүд юунд хүргэхийг нийслэлийнхэн харах л болно.
-Хүмүүс, төрийн бус байгууллагынхан, нийслэл Улаанбаатараа хотын амьдралыг мэддэг, хот төлөвлөлтийн өндөр мэдлэг мэргэжилтэй, зангарагтай хүнээр удирдуулъя гэж ярьж, бичээд байгаа нь нууц биш.
-Хотын дарга С.Батболд эр хүний ёсоор ажлаа өглөө. Албан тушаалыг авч болдог, өгч чаддаг байхын үлгэр жишээг үзүүллээ. Шинэ дарга шударга сайн хүн ирвэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн болгоод шадар сайдын эрх ямба хангамж эдлүүлээсэй.
Үнэхээр л энэ хотыг хөгжүүлье, замыг нь түгжрэлгүй болгоё, утааг нь мэдэгдэхүйц бууруулъя, нийслэлийн баруун хэсгийг жорлонгийн үнэрээс чөлөөлье, хотын захын гудамж талбайнуудаа гэрэлтэй болгоё, айж эмээхгүй амгалан тайван хот болгоё гэж бодож байгаа бол хийх ажил мөн ч их байна даа. Өнөөдөр зөвхөн замын түгжрэл биш, “зантгар толгой”-нуудын түгжрэл болоод байна. Үлгэр ярьж суудаг биш, үзэгдэхээр юм хийдэг толгой, гар хоёр Монголд, тэр дундаа нийслэлд хэрэгтэй байна.