ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Цолмон: Олон улсын олимпиадад оролцох сурагчдын зардлыг төрөөс даана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-25

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад мөнгөн тэтгэмж болон олимпиадад оролцох зардлыг  төрөөс гаргадаг болж байгаа юм. Энэ талаар БСШУС-ын яамны Ерөнхий боловсролын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн А.Цолмонгоос тодрууллаа.

-Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагч­дад нэг удаагийн мөнгөн  тэтгэмж олгохоос гадна олим­пиадын зардлыг төрөөс гаргадаг болно гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Олимпиад болон бусад уралдаан тэмцээнд оролцох журмыг бид шинэчлэн гаргаж байгаа. Өмнө нь 15 төрлийн олимпиадыг зохион байгуулж, багагүй асуудал үүсдэг байсан. Өнгөрсөн нэгдүгээр сард Тогтвортой хөгжил, ерөнхий боловсрол үндэсний зөвлөгөөнөөр хэт олон уралдаан тэмцээн зохион байгуулах нь хүүхдийн хүмүүжил, хандлагад сөргөөр нөлөөлөх талтай гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд нэр хүндийн хойноос хөөцөлдөх, зохион байгуулагдаж байгаа олим­пиадууд хүүхдээр дам­жуулж мөнгө хийх, тэмцээ­нүү­дийн чанар муудах зэрэг маш олон сөрөг талтай байсан учраас тодорхой дүрэм журам боловсруулж, цэгцэлж өгөөч гэдэг хүсэлт их ирсэн. Бид 2017-2018 оны хичээлийн жилийн олимпиадуудыг хуу­чин дүрмээр зохион бай­гуул­сан. Гэхдээ бүгдийг нь хаах гэхээсээ илүүтэй ямар урал­даан тэмцээнүүд нь олон улсад зохион байгуулагдаж бай­гаа вэ. Ямарт нь Монгол Улс амжилттай оролцож, нэр хүндтэй болсон бэ зэр­гийг харгалзан эдгээр олим­пиадууд дээр үндэсний дарх­­лаа эх хэл, Монголын түү­­хийн олимпиадуудаа авч үл­дээд бусдыг нь цэгцлэхээр ажил­лаж байна. Математик, хими, физик, биологи, мэдээллийн техно­логи гэсэн таван олим­пиад дээр нэмээд монгол хэл, Монголын түүхийн олим­пиа­даас бусдыг цэгцэлж байна. Гэх­дээ огт байхгүй бол­гол­гүй­гээр аймаг орон нутагт нь эрхийг нь үлдээж байгаа. Зөв­хөн олон улсад жагсаалтаас хасагд­сан олим­пиадуудыг зо­хион бай­гуу­лах­гүй гэсэн үг. Ингэс­­нээр тодор­хой хугацааны дараа мэргэ­жилт­нүүдийн ханд­лага, ойл­голт тогтоод, чанартай бо­лоод ирэхэд буцаагаад сэр­гээ­нэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 

-Тэгэхлээр дээр нэр дурдсан хэдэн олимпиадаас бусад олимпиадыг олон улсад  зохион байгуулахгүй гэсэн үг үү. Оюун ухааны олимпиадад манай улс ам­жилттай оролцдог шүү дээ?

-Ер нь дээр дурьдсан хэдэн төрлийн олимпиадаас бусад олимпиад олон улсад зохион байгуулагддаггүй. Оюун ухааны олимпиадын тухайд сургалтын хөтөлбөрт байдаггүй. Гэхдээ манай улсын тамирчид энэ төрлөөр олон улсад амжилт гаргаж байгаа учраас бид дэмжинэ. Оюун ухааны олимпиад, соробан сампин зэргийг цаашид тасралтгүй дэмжинэ. Гэхдээ сургалтын хөтөлбөрт тусгагдсан, албан ёсны олимпиад гэвэл дээр дурьдсан хичээлүүдийн олимпиадуудад олон улсад амжилттай оролцвол мөнгөн тэтгэмж болон зардлыг даадаг болох юм. Математикийн олимпиадад л гэхэд Монгол улс 49 жил оролцож, амжилт гаргасаар байгаа. Энэ жил түүхэндээ анх удаа үнэмлэхүй амжилт үзүүлж, олон улсын мате­ма­тикийн олимпиадад оролцсон хүүхдүүд бүгд медальтай ирсэн. Энэ хүүхдүүдийг бид 1-3 сая төгрөгөөр шагнасан. 

-Нэр дурьдсан хичээ­лүү­дээр олон улсын олимпиадад амжилт гаргавал бүх талаар дэмжинэ гэж ойлгож болох уу. Дэмжлэг гэдэгт юу багтах вэ?

-Тиймээ. Дэмжлэг гэдэг нь мөнгөн урамшуулал байж болно. Мөн олон улсын олимпиадад оролцох бүх зардал, үндэсний хэмжээнд зохион байгуулах зардал зэргийг олимпиад зохион байгуулах хорооныхны тайланд тусгаснаар 100 хувь БСШУСЯ-наас гаргах юм. Энэ жилийн хувьд эрт зардал, мөнгө шийдэгдсэн учраас олимпиадын хороод тамирчдаа тууштай, зарчимтай бэлтгэж чадсан. Өмнө нь үнэхээр сайн байлаа ч зардал мөнгөний боломжгүйгээс олон улсын олимпиадад явж чадахгүй байх тохиолдол их байсан. Тиймээс өнөө жил энэ асуудлыг шийдэж, дээрх долоон төрлийн олимпиадад оролцох сурагчдын зардлыг төрөөс гаргадаг болохоор шийдвэрлэсэн.