Төр, засгийн удирдах албан тушаалтанууд утаатай тэмцэх биш харин утаа гаргаад байгаа гол буруутанг олох гэж сүүлийн гурван жил эрэлхийллээ. Тэгээд олсон бололтой юм. Гэр хороолол, хуучин автомашинууд гэж оношилжээ. Гэр хороолол утаа гаргаж байгаа нь үнэн л дээ. Гэхдээ төр нь зуух тараагаад байхад гал түлж утаа гаргахгүй бол алдас болох биз ээ. Ер нь дарга нарын дүгнэлтээс харахад, ядуус л буруутай байх нь. Шинэ машин авах боломжгүй хүмүүс цалингийн зээл авч хөл дүүжлэх унаатай болохгүй гээд яах юм: Орон сууц худалдан авч чадахгүй хүмүүс гэр хороололд амьдрахгүй гээд хаашаа явах юм бэ.
Ингэж бодохоор ядуус биш төрийн өндөр албан тушаалын сүр хүч, нэр нөлөөгөөр баяжиж сая сая ам.доллар дансандаа хийж мартдаг болоод байгаа үе үеийн дарга нарын л буруу гэж хэлж болно. Монгол Улсын Үндсэн хуульд “Газрын хэвлий дэх баялаг ард түмний өмч” гэж заасан байдаг. Гэтэл дарга нар ард түмний гээд хуульчилсан өмчийг нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ах дүү, үр хүүхэд, хамаатан садан, дотно найз нөхдөөрөө дамжуулан харийнханд худалдаж, бэрд мэт халаасаа дүүргэсэн.
Харин ард түмэнд юу өгсөн бэ? 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл түүхэндээ ганц удаа олонхи болж 1996-2000 онд төрийн эрхийг бие даан барьсан АН өөрийн бүрэн эхийнхээ хугацаанд малыг малчдад, тариан талбайг тариаланчдад, төв суурин газрын улсын өмчид байсан орон сууцыг иргэдэд нь үнэ төлбөргүй хувьчилсан. Харин төрийн “хайр халамжаас” гадна хоцорч, юу ч авч чадалгүй хоосон үлдсэн хүмүүс бол гэр хорооллынхон.
Тэдэнд юу ч оногдоогүй. Гэтэл 2000 оны УИХ-ын сонгуулийн дүнд үнэмлэхүй олонхи болсон МАХН-ын /тухайн үеийн нэрээр/ дарга Н.Энхбаяр Ерөнхий сайд болж, гэр хорооллын иргэдэд газрыг нь энэ төлбөргүй өгнө гэж суржигнэж, удалгүй шийдвэр гаргасан. Гэтэл нөгөө гэр хорооллын газрыг нэг ч банк барьцаанд авч зээл олгодоггүй. Өөрөөр хэлбэл, ямар ч үнэлгээгүй гэсэн үг. Ингэж захын гэр хорооллынхон газрын гэрчилгээ гэх хаана ч үнэлэгддэггүй улаан цаас төрөөсөө үнэгүй авч үлдсэн.
Харин эрх мэдэлтнүүд газар хувьчлал нэрээр хотын төвийн онгорхой зай болгоныг худалдан хулгана багтахын аргагүй чихэлдсэн хотын эхлэлийг тавьж, өөрсдөө Монголын тэргүүн баячууд болсон. Н.Энхбаярын энэ шийдвэрийн гайгаар гэр хороолол хүрээгээ тэлэх дардан зам эхэлсэн. “Улаанбаатарт хашааны газар үнэгүй өгч байна” гээд хөдөөнийхөн хот руу цувсан. Үнэгүй газартай болоод, банз худалдан авч хашаа хатгавал хэдэн төгрөгтэй болох нь гэж сэтгээд л ах дүү, хамаатан садан, үр хүүхдээ дагуулаад их хөлийн газар бараадсан. Ингээд л ам болгоныг дүүргэж, эцэст нь уулын орой дээр ч хашаа хатгах болсон.
Эхлээд хотод үнэгүй газар аваад хэдэн төгрөгөөр борлуулах зорилготой ирсэн хөдөөнийхөн маань барьсан хашаа нь зарагдахгүй болохоор өөрсдөө ганц нэг жил амьдарч байгаа газраа сууршиж эхэлсэн. Бараг хүн бүр хашаа хатгаад байхаар хэн худалдаж авах вэ дээ. Тэгээд ч газар нь үнэгүй. Хүссэн газартаа хэдэн банз тойруулаад л хашаа гэж нэрлээд байгаа болохоор худалдан авалт зогссон гэхэд болно. Хүн хөрөнгөө хаяад явж чаддаггүй болохоор хотод үлдэхээс яахав.
Ингэж л гэр хороолол эх адгаа алдсан. Үүнээс харахад, Улаанбаатарыг Утаанбаатар болгосон гол буруутан нь ядуус бус төрийн нэрээр, төрийн өмчөөр халаасаа зузаалсан эрх мэдэлтнүүд болж хувирлаа. Одоо тэгээд яах вэ. Нэгэнт хоолой хорсгосон утаан дунд хүний биед хортой 20 гаруй химийн бодис агуулсан нарийн тоосонцороор амьсгалж суугаа улаанбаатарчуудад ганц л гарц харагдаж байна. Гэхдээ төрийн эрх барьж байгаа хүчин зөвшөөрч санаачилга гарвал шүү дээ. Эсгий, шахмал түлш, пийшин тараагаад утаанаас ангижрахгүй гэдгийг өнгөрсөн хугацаа хангалттай харууллаа.
Тэгэхээр орон сууцжуулах л эцсийн зам үлдсэн. Харин энэ замаар хэрхэн явах уу гэдэг нь асуудал болоод байна. Надад нэг ийм санаа байна. Их хувьчлалын тоосноос ч хүртэж чадаагүй гэр хорооллын иргэдээ орон сууц худалдан авахад нь төр дэмжлэг үзүүлэх тухай хуулийг санаачлах нь нэн тэргүүний зорилт болоод байна. Гэхдээ хэрэгжүүлэх арга зам нь өөр өөр байх юм. Тухайлбал хашаандаа 15-20 жил амьдарч байгаа иргэдэд байр худалдан авах үнийн дүнгийн 50 хувийг төр даах. Учир нь эдгээр иргэд өмч хувьчлалын тоосны үзүүрт хоцорч, ядаж тоосонцор ч хүртээгүй хүмүүс.
Харин 10-15 жил амьдарч байгаа иргэдийн байрны төлбөрийн 25 хувийг төрөөс гаргах. Мөн 5-10 жил амьдарч байгаа иргэдийн орон сууцны урдчилгаа төлбөрийг төрөөс өгөх гэсэн хувилбар байж болох юм. Гэхдээ орон сууцанд орж байгаа өрхийн газрыг төр үнэгүй эргүүлэн авна. Өөрөөр хэлбэл үнэгүй өгсөн газраа эргүүлж аваад тэр газарт дахин хашаа барихгүй гэсэн үг.
Харин ногоон байгууламж байгуулж, төрийн хатуу хяналт дор байх хэрэгтэй. Гэр хорооллыг ингэж хамруулахдаа салхины дээр байгаа Долоон буудал, Чингэлтэй, Хайлааст, Баянхошуу, Телевиз гэх мэт гэр хорооллуудыг эхний ээлжинд оруулья. Энэ арга хэмжээг эрх баригчид үнэхээр хэрэгжүүлж чадвал манай барилгын болон барилга угсралтын үйлдвэрлэл сэргэж, ажлын байр нэмэгдэж, гэр хороолол байсан газар ногоон байгууламж болж, утаа арилж, тоосонцор багасах сайхан алхам, төрийн дорвитой шийдвэр болно.
Банзаар хашаа барьж амьдардаг хот дэлхий дээр Улан-Үд, Улаанбаатар хоёроос өөр алга. Гэтэл дэлхийд гайхагдаж их хэмжээний баялаг дээр хоосон ходоодтой, хуучин төмөр хөлөг унан дуу аялаж яваа монголчууд шиг ядуу улс мөн л энэ орчлонд байхгүй. Тэгэхээр байгалийнхаа баялагийн үр шимийг улаанбаатарчууд хүртэж, утаагүй нийслэлд амьдрах боломж бидэн байна. Гагцхүү эрх баригч нар хүсч, хуулиа гарган, хөрөнгийг нь шийдвэл шүү дээ.