ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хонгилд хэвтэн эмчлүүлэх ээжүүдийн цөхрөл хэзээ барагдах вэ?

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-01-13

Аюулын  харанга дэлдсэн томуу, томуу төст өвчний дэг­дэлт  нийслэлийн  хэмжээнд  буу­рах­гүй байна. Эрүүл мэндийн яам­наас сүүлд гарсан мэдээгээр амбула­торийн нийт  үзлэгийн  7,3 хувийг эзэлжээ. Өмнөх 7  хоногийн дун­даж түвшнээс  2,2 хувиар их аж. Нийт өвчлөгсдийн 35,6 хувийг 0-1 нас, 26,8 хувийг 2-4 нас, 14,4 хувийг 5-9 насны хүүхдүүд тус тус  эзэлж байгаа юм. Мөн  дүүргүүдийн  эрүүл  мэндийн төв  болон нэгдсэн  эмнэлгийн нийт батлагдсан 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 723  орыг дэлгэж зохицуулалт хийж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Эмнэлгүүдийн  дотоод зохион  байгуулалт чангарч, өвчтөнөө эргэх энгийн  иргэдийг дээд давхар луу гаргахгүйгээр, өөрсдөө гарч ирж авах,  шаардлагатай тохиолдолд  сувилагч на­раар эр­гэлт зөөл­гөж байв.  Эм­нэлгүүдийн хүлээн авахын үүдэнд ажиглаж суух зуур олон ч дүр зураг харагдав. Хүүх­дийн­хээ ам хамрыг боож багласан эцэг эх­чүү­дийн хөл хөдөлгөөн, хүүх­дээ эргэх аавуудын цуваа ч их. 

Энд тэнд  орилсон  уйлсан хүүхдүүд, бачимдаж бухимдсан эцэг  эхчүүд,  өвчтэй хүүхдүүдийг эмчилж буй ачаалал ихтэй эмч, сувилагч нар гээд эмнэлгүүдийн дүр зураг ижил. 

Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргийн эмнэлгүүдэд ор хүрэлцээгүйн улмаас  коридорт хэвтэн эмчлүүлж байна.  Мэдээж коридорт олны хөл холхисон, эргэлтийн  цонх  онгойлгохоор нэвт салхилдаг, бие засах  өрөөний үнэр, хаалганы чимээ гээд  эрүүл  ахуйн  шаардлага хангаагүй асуудал их  бий. 

Бид хамгийн  түрүүнд  Яармагийн  нэгдүгээр  буудалд байрлах Хан-уул  дүүргийн нэгдсэн эмнэлгийг  зорьсон  юм. Тус эмнэлэг  хүн  амын нягтшил  ихтэй учраас хэвтэх  хүүхдийн тоо их,  нэмж  зассан  тасгуудаас гадна коридорт ч хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж байна. Үндсэн 80 хүүхдийн  ор  байдаг ч насанд  хүрэгчдийн тасгийн 90 ор,  эмч нарын  сургалтын зааланд ор  дэлгэж дүүргийнхээ 240 хүүхдүүдийг хүлээн  авч байна. Өдөртөө 250-260 хүүхэд ирж үзүүлснээс, 50-60  хүүхэд  нь  хэвтдэг. Яаралтай тусламжид ажиллаж буй эмч,  сувилагч  нарын ажлын  цагийг  нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна.  Мөн  өрхийн эрүүл  мэндийн төвүүд ,  хүүхдийн  кабинетүүдийг  уртасгасан  цагаар  ажиллуулжээ. Гэсэн ч  ажлын  ачаалал их  байна. Шөнө ч нэмэлтээр ор гаргах  тохиолдол их байгаа аж.  Хүүхэд  ихтэй байгаа учраас коридорт авахаас өөр  арга байхгүй. Эмч сувилагч нар хамаг боломжоороо ажиллаж байгааг тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Мажигсүрэн ярилаа. 

-Хүүхдүүд  ямархуу байдалтай ирж байгаа вэ.  Эцэг эхчүүд өөрсдөө дур  мэдэн эм хэрэглэж хүндрүүлчихээд эмнэлэгт ханддаг хариуцлагагүй гэмээр үйлдлүүд ажиглагдлаа?

-Ирж байгаа хүүхдүүд өндөр  халуурсан, амьсгалын дээд замын  бөглөршил, хатгаа тусаж хүндэрсэн, халуурснаасаа болж таталт өгсөн  байдалтай байна. Насны ангиллаар  авч үзвэл 0-5 насны хүүхдүүд их  ирж байгаа. Манай иргэдийн  эрүүл мэндийн  боловсрол их дутмаг байна. Энэ их хүндрэлийн үед эцэг, эхчүүд аль болох эрүүл мэндийн төвдөө хандаж, халуурсан тохиолдолд бууруулах эм уулгах хэрэгтэй. Эмчийн жороор олгосон  эм уулгаж аль  болох  гэрээр  эмчилбэл  илүү үр дүнтэй.  Дур мэдэн  эм хэрэглэхээс гадна,  эмнэлэгт  гайгүй ирсэн  хүүхдүүд  улам хүндрэх тохиолдол байна. 

-Эцэг, эхчүүд юуг нэн түрүүнд анхаарах шаардлагатай байна вэ? 

-Ханиад томууны эд дэгдэлтийн үед аль болох хүүхдийг  гадуур олон  нийтийн газар авч явахгүй байх, гадуур хувцастай хүүхдийг үнсэхгүй  байх хэрэгтэй. Нийтлэг ажиглагдаж байгаа зүйл нь  эцэг  эхчүүд,  томчууд гаднаас орж ирэнгүүтээ  элдэв  нян бактери тээсэн гадуур хувцас,  бохир  гараараа хүүхдэд ойртдог явдал их бий.Өөрсдөө нян вирус тээх эс үүсвэр болоод  байна. Гарын ариун цэврийг маш сайн сахихыг  дахин  дахин анхааруулмаар байна. 

АШУИС-ийн  оюутнуудыг дүүргийн  эмнэлгүүдэд  хувиарлан,  нэмэлт хүч болгон  ажиллуулахаар  болсон.  Хан-Уул  дүүргийн хувьд гурван  оюутан ажиллахаас хоёр  нь  ажиллаж байна. 

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд Хүүхдийн тасаг үндсэн 80 ортой, нэмэлтээр хүүхдийн тасгийн сэргээн засах эмчилгээний өрөө болон тоглоомын өрөөг суллаж, мөн бусад эмчилгээний өрөөг шахаж 40 ор, мэдрэл, уламжлалт, хөнгөвчлөх эмчилгээний тасгийг суллаж 73 ор, нийт 193 ортойгоор хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эмнэлгийн 2-3 давхруудын коридорт ч мөн  ээжүүд  хүүхдүүд  хэвтэн  эмчлүүлж  байгаа учраас эмнэлгийн хөл  хориог чангатгажээ. Зарим эцэг эхчүүд эмч, сувилагч нарын үүрэг хариуцлагыг ойлгож буруутгах  аргагүйг хэлсэн юм. Бид эхнэр хүүхэддээ хоол цай өгчихөөд буцаж байгаа ааваас зарим зүйлийг тодрууллаа

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Наранхүү: Манай эхнэр хүүхэд дүүргийн эмнэлэгт хэвтээд удаагүй байна. Охин маань цэцэрлэгт явж байхдаа ханиад хүрээд маргааш нь халуурч  эхэлсэн. Хүүхэд  өвдөж сандрахаар эхлээд өвчин намдаах эм хайж эмийн сан гүйдэг юм билээ. Ханиад  нь улам даймжраад  эхнэр ажлаасаа чөлөө аваад эмнэлэгт хандсан. Жаахан хүүхдүүд их л зовиуртай, ээжүүд ядарсан шинжтэй,  хэцүү л  байх шиг  байна.  Харин аль ч дүүргийн эмнэлгүүдийн  эмч сувилагч нар бүхий л нөөц боломжоороо  ажиллаж байгаад  бид сэтгэл  амар  байгаа.

Эмч эмнэлгийн салбар иргэдийн  уураа гаргадаг хэрэгсэл  биш

Сүхбаатар дүүргийн  нэгдсэн эмнэлгийн  хувьд хэвийн хэмжээнд ажиллаж байгаа талаар тус эмнэлгийн дарга М.Чимгээ хэллээ.  Сургуулийн сурагчид амарсан учраас,  халдвар тархах нь  бага байна. Олон жилийн өмнө А хүрээний H1 N1 вирусийн халдвар их идэвхжиж карентин хүртэл тогтоож байжээ. Тухайн үед Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг л гэхэд 120 хүүхдийн ортой тасагт 500 хүүхдийг байрлуулж,  байж болох  бүхий л тасаг коридорт эмчилж байсан. Тэр үеийн дэгтэлтэй хартцуулахад  хамаагүй бага байгаа юм.Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 228 хүүхэд  хэвтэн эмчлүүлж байна. Коридорт хүүхэд  авахгүйн тулд хүүхдийн тасгаас гадна дотор мэдрэлийн тасгийг тусгайлсан. Мөн сургалтын  өрөөндөө 20 ор  байрлуулж засжээ. Одоогоор сургалтын өрөөнд хүүхэд хэвтээгүй байгаа аж.

-Эцэг эхчүүд А хүрээний H1 N1 вирус болон  бусад  ханиад томуунаас хэрхэн  урьдчилан  сэргийлэх вэ? 

-Эцэг  эхчүүдэд сэрэмжлүүлэг  өгөх  шаардлагатай. Энэ  томуугийн  дэгдэлт  зөвхөн  эмч эмнэлгийн  ажилтны ажил  биш, эцэг эхчүүдийн  оролцоо 80 90 хувьтай байх ёстой. Эрүүл  хүүхдийн  эрүүл  мэндийг  сахин  хамгаалахын  тулд яаж хүүхдээ өвчин  тусгахгүй байх вэ,  яавал  хүүхдээ дархлаа сайтай  байлгах, цусны эргэлтийг сайжруулах  ёстой вэ гэдгийг маш сайн  анхаарах ёстой. Бидний зүгээс шингэн  зүйл  сайн  уулгаарай гээд зөвлөхөөр чихэртэй,  олон  төрлийн химийн бодис агуулсан ундаа өгөөд  байдаг. Гэтэл  бид  нарын  зөвлөөд  байгаа шингэн юм гэдэг  нь ус шүү дээ. 

-Бүх дүүргийн  эмнэлэгт ор  хүрэлцээгүй  байгааг харахаар хүүхдийн  эмнэлэг  барих  шаардлага юм шиг. Эцэг  эхчүүд ч эрүүл мэндийн  сайдаас үүнийг хүсэж их  л бухимдаж байна. Энэ  тал дээр та эмч хүний хувьд ямар  байр суурьтай байдаг вэ? 

-Хэрвээ 1000 ортой хүүхдийн  эмнэлэг  барилаа гэхэд  жилийн 90  хувьд нь огт  ажиллагаагүй хоосон  эмнэлэг болж таарах гээд байна. Ачааллын  үе  гэдэг  маань 12-1 сар,  эсвэл 1-2  сар  гэсэн 60-70 хоногийн  л  үйл  ажиллагаа байгаа. Үүнийг бас ойлгох хэрэгтэй. 

-Гадуур хатгаа, А хүрээний H1 N1 вирус, гахайны ханиад  гэх мэтчилэн  олон төрлөөр  яриад  байна.  Үүний ялгааг та манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

-Гахайн  ханиад  нь вирусийн гаралтай томууг хэлдэг. Тэгэхээр хоёр төрлийн  өвчлөл  байна. Нэг  нь  вирусийн  халдвар,  нөгөө нь бактериар үүсгэгдэж буй хатгаа. Энэ хоёрыг эмч л ялгаж байж эм уулгана уу гэхээс хэн  дуртай нь худалдаж аваад өгдөг эм биш гэдгийг  ойлгох  хэрэгтэй. Хүүхдэд буруу эм өгснөөр  хүүхдийн  дархлааг үхүүлж байгаа гэсэн үг. Дархлаа үхүүлэхээс гадна,  эрүүл  микро организмыг  давхар үхүүлж байдаг сөрөг талтай. Тийм  учраас заавал эмчийн  хяналтанд  өгөх  ёстой. Манай эмнэлгийн  нэг давуу тал  нь ирж байгаа хүүхдэд вирусийн шинжилгээ хийж байгаа. Вирусийн  шинжилгээгээр нэмэх гарч  байгаа А хүрээний вирустэй хүүхдэд вирусийн эмийг өгнө. Иргэдийн хувьд вирусны эмийг дур мэдэн худалдаж авах зөвшөөрөл өгөхгүй байна  гэж бухимдаж байна. Вирусийн халдвар аваагүй хүүхдэд энэ эмийг уулгах шаардлага байхгүй. 

Хүүхдээ өвдөж,  шаналж байгааг харсан,  уурлаж бухимдсан эцэг эхчүүд  их байгааг таныг хүлээж суухдаа их  ажиглалаа. Ер нь л хаа хаанаа хүндрэлтэй байх шиг байна? 

Ямар ч нөхцөлд  эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгах арга үнэндээ л  алга. Зөвхөн  манай эмнэлэгт ч биш бусад  эмнэлгүүд адилхан. Хуучин  болон  шинэ хүүхдийг  өвчний хүндрэлээс нь  хамаараад  ялгаж хэвтүүлж байгааг  эцэг эхчүүд буруугаар  ойлгож, бухимдал  гаргаж байна. Эрүүл  мэндийн  салбар гэдэг  хүмүүсийн  уураа гаргадаг  газар огт биш шүү. Өөрсдөө  халуурсан,  өвчилсөн,  ар  гэрт  нь  гачигдал  гарч  байхад ажиллаж л байдаг. Өөрийн эрхгүй өмөөрмөөр  санагддаг. Бид иргэнийхээ төлөө,  хүүхдийн төлөө л ажиллаж байна. 

Эмчлүүлээд гарсан хүүхдүүд эргэж өвчлөх магадлал хамгийн өндөр

Хамгийн олон  хүн амтай Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ачаалал хамгийн их  байна. Нийтдээ 160 хүүхэд эмчлэх хүчин чадалтай тасагт 300 гаруй хүүхэд хэвтжээ. Ихэнх нь таваас доош настай,  хатгаа туссан,  ханиад нь хүндэрсэн байдалтай байна. 40 хүүхдэд ганц л  сувилагч  ажиллаж байгааг  эцэг  эхчүүд  хэлж  байна. Ээжийнхээ энгэрт наалдсан, хацар  нь улайсан, цээж нь цэрээр дүүрч,  хоол  ундандаа дургүй, нүдэндээ  доголон нулимстай бяцхан үрс сэтгэл шимшрүүлэн хэвтэж байна. Коридорт ч хамаагүй эмчлүүлээд,  хүүхдээ эрүүл болгох чин хүсэлтэй ээжүүдийг хараад сэтгэл эмтрэв.

Эмч нар  хэлэхдээ эмчилгээ хийлгээд гарсан  хүүхэд дахин ханиад хүрэх магадлал  эрүүл  хүүхдийнхээс өндөр байдаг. Миний хүүхэд саяхан эмчлүүлээд  гарсан  гээд хамаагүй гадуур авч гарч болохгүй, өшөө илүү дархлааг нь сэргээх шаардлагатайг санууллаа.  

Хүн амын дийлэнх  хувь нь амжиргааны түвшин доогуур  байгаа учраас иргэд хувийн  эмнэлэгт хандах нь  байтугай эмчийн жороор олгосон  эмийг  худалдаж чадахгүйн улмаас эмнэлгүүдийн  ачааллыг нэмж байгаа гэж хэлэхэд буруудахгүй. Гэрээр эмчлүүлэхэд  нэг хүүхэд  доод тал нь 50-60 мянган төгрөгийн эм тариа хэрэглэж байгааг эцэг эхчүүд учирласан. Тиймээс эрүүл  мэндийн даатгалаараа улсын  эмнэлэгтээ хандахаасаа  өөр  аргагүй  эцэг эхчүүд багагүй хувийг эзэлжээ. Хувийн эмнэлгүүдийн нэг өдрийн тариф доод тал нь 80 мянган төгрөг байгаа ч бас ачаалал их  байгаа аж.

Эмнэлгүүдийн коридорт ч эмчлүүлээд ачаалал буурдаггүй энэ байдал олон жил үргэлжиллээ. Цаашид хичнээн жил ийм маягтай явах вэ? гэсэн эцэг эхчүүдийн асуултанд хэзээ цэг тавих вэ?...