ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чулуу түүж өнждөг хүүхэд насаа эргэхээр яарч явна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-31

Дүнхэр дүнхэр уулс, царгиа долгилох Тэнгис минь би очиж явна. Сайрын чинь захад чулуу түүж өнждөг хүүхэд насаа эргэхээр яарч байна, би. Айлаас айлын хооронд хурд мэдэн уралдаж өссөн божин бор жаалууд, хүүхдийн аав, хүний хань болсныг үзэхээр догдлон явна. Үеийн охид гэрийн эзэгтэй, айлын бэр болсныг харахаар очиж явна аа.

Намартаа нүүдэл хөвөрч гуниг далладаг буйдхан талдаа яарсаар очно оо. Ажин түжин зуслангийн айлуудын хотонд үнээ мал мөөрөлдөж, үдшийн анир эвддэг уяхан үдшүүдийг бодсоор би нутагтаа тэмүүлэв. Ангир нургиж, чийг ханхийсэн өглөө нүдээ нухлан үнээний зэл рүү гэлдэрдэг эгэлхэн ахуйгаа санан охин нь очиж явна аа.

Хөлд орж, хүй цөглөсөн нутагтаа очиж явна, би.  Жавар тачигнасан өглөө нарны туяанд хялуу гялтганан  байдаг цэнгэг агаараа, цас орохоор дүнхэр тайга ажин түжин болчихдогийг бас төсөөлж байна. Ийн бодохтой зэрэгцэн өвлийн ойд цас нэвсийтэл дарах дүнсгэр байдал нүдэнд харагдах шиг уярал төрөх юм. Нутгаа мөн ч их санаж дээ. Ийм л цагаар цасанд явах гэж гараад ханатлаа гулгадаг байсан хүүхэд насаа санагалзан байна. Удлаа гэж өвлийн ойд цуурай татуулан нэрийг минь дууддаг ээжийгээ бас санаж явна. Охин чинь очиж явна шүү, ээжээ.

Холоос гийчин очиход хүүхэд хөгшидгүй цугладаг сайхан заншлаа санаж байна, би. Хүний өөрийнгүй үдэж мордуулахаар цугладгийг нь бас бодож явна. Харьж явна аа, нутагтаа. Хэзээ ирэх вэ гэж өнжөөд л нэг асуудаг ээждээ очихоор гарлаа. Хамар шархиран санадаг сайхан Тэнгис ижий хоёртоо очиж үнсүүлчихээд ирье. Малын бэлчээр, нуга хөндий, уул ус бүхэнд нь үлдсэн хүүхэд насаа эргэчихээд ирье. Сайхан нутаг минь хүлээж байгаарай.