Дөрөвдүгээр сард “100 айл”-ын замыг шинээр барих ажил эхлэх аж. Тэгвэл зам барих бэлтгэл ажил хэрхэн явагдаж буй талаар ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаас тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар замын бэлтгэл ажил ямар үе шаттай явж байгаа вэ?
-Сүхбаатар дүүрэгт байрлах “100 айл”-ыг нүүлгэх ажлын хэсгийн хурлыг нэгдүгээр сард хийсэн. Мөн энэ орчинд худалдаа хийдэг 200 орчим худалдаачидтай уулзаж “100 айл” орчмын тохижилт, шинээр тавих зам, дахин төлөвлөлт, дэд бүтцийг хэрхэн шийдэх талаар бүгд санал бодлоо солилцсон. Нийтдээ гурван үе шаттай ажиллана. Эхний ээлжинд ажлын хэсгийнхэнтэй уулзаж, зураг төсвөө баталсан. Одоо хоёрдугаар үе шат буюу дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийж батлагдсан зураг төсвийн дагуу зам тавих шатандаа явж байгаа. Өөрөөр хэлбэл, “100 айл”-ын замын хоёр тал явган хүний зам гэхээс илүү зам, зогсоол, худалдааны талбай болоод байгааг стандартын шаардлага хангасан цогц зам болгоно гэж ойлгох хэрэгтэй. Замаа дагаад барилгын материалын худалдааны төвүүд, жижиглэнгийн дэлгүүр, агуулах контейнр байрладаг. Иргэд замын хажуугаар явахад бэрхшээлтэй, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр ирсэн. Мөн “100 айл” орчимд төрийн үйлчилгээ үзүүлдэг хоёр эмнэлэг, хоёр сургууль ажилладаг ч үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болчихсон нөхцөл байдалтай байсан. Харин 2018 оны намраас эхлэн гадаа худалдаа хийдэг хүмүүсийн худалдаа эрхлэх ажлыг зогсоосноор бага ч гэсэн эмхэндээ орлоо. Үүнийг үргэжлүүлэн нийслэлийн хөрөнгө оруулалтаар зураг төсвийг нь батлуулж зам барих ажил эхэллээ. Манай ажлын хэсэг хөөцөлдөж, төсөв мөнгийг 2019 оны төсөвт суулгалаа.
-Зам тавих ажил хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Замын ажил дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлнэ. Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. “100 айл”-ын урд уулзвараас 32-ын тойрог хүртэл тавина. Нийтдээ 1.4 км замыг дөрвөн эгнээ, 12 метрийн өргөнтэй барина. Цогцоор нь барих үүднээс хоёр талаараа явган хүний болон, дугуйн замтай, ногоон байгууламжтай, 2-3 нэгдсэн автомашины зогсоолтой хийхээр зураг төсөл гарсан. Ойролцоогоор гурав орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Цаашид нарийн тооцоо зардал гарах байх. Анх энэ замыг 1960-аад оны дунд үеэс тавьсан, тэрнээс хойш дорвитой засвар ороогүй юм билээ.
-Одоо үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрийн эзэдтэй зөвшилцөж чадсан уу?
-Зам баригдсаны дараа үе шаттайгаар орчин үеийн барилга баригдана. Доороо граштай агуулахтай, стандартад нийцсэн үйлчилгээний төв, оффис, орон сууц баригдах юм. Одоо ажиллаж байгаа дэлгүүрүүд бүгд бууж, газраа чөлөөлнө. Барилга баригдаад ирэхээр дэлгүүрийн эзэд бүгд өөрт тохирсон квадрат талбайг гэрээний дагуу ашиглана. Тэндээ ямар үйл ажилагаа эрхлэх нь тэдний асуудал. Гол нь мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтраад ямар ч үйл ажиллагаа явуулсан стандарт шаардлага хангасан худалдаа үйлчилгээг иргэдэд үзүүлэх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.Стандартад нийцээгүй, том овортой барилгын материалуудыг Налайх дүүрэгт баригдах Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркид төвлөрүүлнэ. “100 айл”-ын энэ хэсэг зөвхөн Сүхбаатар дүүргийн иргэдийн асуудал биш, нийслэлийн иргэдийн асуудал. Энэ замыг барьснаар нүүлгэн шилжүүлэлт, орчны тохижилтын ажлын нэгээхэн хэсэг болж байгаа.