ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Миний Валентин

Ц.ЭНХТҮВШИН
2019-02-14

Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн гэх гэгээн Валентины баяр Монголд 21 зуунд л орж ирсэн гэдэг. Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд болдог энэ баяр сүүлийн жилүүдэд монгол залуусын хайраа илчилдэг өдөр болсон юм уу даа. Газар газарт өөр өөрийн үзэл санааг шингээн тэмдэглэдэг болсон энэ баярыг  бидний хэсэг бүсгүйчүүд хэрхэн анх тэмдэглэсэн нь хөгжилтэй. 1990-ээд оны эхээр “Хайртай хархүүдээ бэлэг өгдөг баяр...” гэнэ гэсээр бид ажил дээрээсээ нөхөртөө бэлэг авахаар гүйлдлээ.

Ойр хавийн дэлгүүрт эр хүнд өгчихөөр олигтой юм алга. 100 айлын барааны дэлгүүрээс нэг дотуур өмд /тэр үед гаагаа гэж нэрлэдэг байв/ аваад бас баяр л юм чинь жаахан романтик болгох гээд бяцхан улаан даавуугаар зүрх хайчлаад онцгойхон газар нь хадаж чимэглээд, орой ажлаа тараад харихдаа ханьдаа бэлэглэлээ. Нөхөр маань уурлаж байна. Балай юм. Харь шашны л баяр монголчуудад хамаагүй гээд. Тэгсэн хэр нь өнөө дотуур өмдөндөө бас ч гэж дургүй биш байгаа бололтой. Тэр цагаас хойш Валентины баярыг нөхөртөө бэлэг өгдөг баяр болгосон шүү.

Нээрээ л бид чинь Мартын баяр, юу юу ч билээ өөрсдөө баахан бэлэг авдаг. Харин эрчүүлдээ хэр бэлэг өгдөг билээ дээ. Нөхрөөрөө л “хайртай “гэж хэлүүлэх дуртай байдаг хүүхнүүд бид ханьдаа энэ өдөр ч болов “хайртай “гээд хэлчидэг  байх хэрэгтэй. Энэ өдөр өөр өөрийн “Валентиндаа” бэлэг өгөхөөр гүйж яваа охидыг харахад сайхан байна. Хайр хэзээд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг. Энэ баяр бол гэгээн хайрын баяр юм. Дөчин таван жил ханилсан миний  “Валентин”  чамдаа би хайртай.